Р.Дутертег Манилагийн нисэх буудалд баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МАНИЛА, 2025 оны гуравдугаар сарын 11 /The Guardian/. Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертег “хар тамхины эсрэг дайн”-ы хэргээр баривчлах тушаалыг Олон улсын эрүүгийн шүүхээс /ОУЭШ/ гаргасны дараа түүнийг цагдан хорьжээ.
Р.Дутерте
мягмар гаргийн өглөө Хонконгоос Манилагийн нисэх онгоцны буудалд ирсний дараа баривчлагдсан гэж Филиппиний Ерөнхийлөгчийн ажлын алба мэдэгдсэн байна. “Өнөө өглөө Манила дахь Интерполын товчоо ОУЭШ-ээс гаргасан баривчлах тушаалын албан ёсны хуулбарыг хүлээн авсан. Одоогоор Дутерте хууль сахиулагчдын хяналтад байгаа” гэж мэдэгдэлд дурджээ.
Өдгөө 79 настай Р.Дутерте баривчлах тушаал гарах гэж байгаа талаарх таамаглалд ням гарагт хариулт өгөхдөө “хэрэв энэ үнэхээр миний хувь тавилан юм бол би үүнийг хүлээн зөвшөөрөх болно, бидэнд хийж чадах зүйл байхгүй” гэсэн байна. Р.Дутерте 2016 онд улс орноо хар тамхинаас ангижруулахын тулд өршөөлгүйгээр цус урсгасан тэмцэл явуулна гэж мэдэгдсэнийхээ дараа ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр тэрбээр Манилагийн буланд өчнөөн олон цогцос хаягдаж, загаснууд түүгээр хооллоод таргална гэж хэлж байсан удаатай.
Түүнийг сонгогдсоноос хойш 12-30 мянга орчим
энгийн иргэн хар тамхитай тэмцэх ажиллагааны улмаас амиа алдсан гэж ОУЭШ-ийн мэдээлэлд дурджээ. Хохирогчдын ихэнх нь
ядуу зүдүү амьдралтай, хот
суурин газар амьдардаг эрчүүд
байсан бөгөөд цагдаа нар болон үл мэдэгдэх хүмүүс тэднийг гудамжинд
буудан хөнөөсөн байна.
Хар тамхитай
тэмцэх ажиллагааны үеэр үйлдсэн аллагыг мөрдөн шалгах ОУЭШ-ийн ажиллагаа нь 2011 оны 11
дүгээр сараас 2016 оны зургаадугаар
сар хүртэл үйлдэгдсэн гэмт хэргүүдийг,
тэр дундаа Р.Дутерте хотын даргаар ажиллаж байсан Давао хотод гарсан аллагын хэргүүд, мөн түүнийг ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээс хойш 2019
оны гуравдугаар сарын 16 хүртэл орон даяар гарсан хэргүүдийг хамарч байна. 2019 оны гуравдугаар сарын 16-нд Филиппин улс ОУЭШ-ээс гарчээ.