Их хаанаас бахархалт шүтээн болсон Чингис хаан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-03-11 18:49:05

Чингис хаан бол дэлхийн түүхийг өөрчилсөн хаадын хаан, монголчуудын оршин тогтнох, сэргэн мандах, эвлэлдэн нэгдэх бахархал болсон мянганы суут хүн юм.


Монголчууд ямар ч шашныг шүтсэн, коммунизм, либерализмыг дээдэлсэн ч түүндээ заавал Чингис хааныг шигтгэн шингээдэг байсан юм. Тиймээс Чингис хааныг Будда ч, Маркс ч орлож чадаагүй. Ерөнхий сайд П.Гэндэн “Хорвоо ертөнцөд Бурхан багш, Чингис хаан гэдэг хоёр агуу сартвахи төржээ” гэж хэлсэн удаатай.


Үзэл суртал биш, иргэншил орчин үеийн улс үндэстнүүдийг тодорхойлдог болсон орчин цагт монголчуудын үндэстний ижилсэл бол ямар ч эргэлзээгүй Чингис хаан, бас Өгэдэй, Хубилай хаан гурав билээ.

Чингис хаан Их эзэнт гүрнийг үндэслэсэн бол Өгэдэй хаан түүний засаглалыг ертөнцийн хуурай газар даяар тэлж, Хубилай Цэцэн хаан тэнгис далайд өргөтгөжээ.


Их хаадын шүтээн

Чингис хаан 1227 онд тэнгэрт хальсны дараа түүнийг Өгэдэй, Гүюг, Мөнх, Хубилай болон даян дэлхийг байлдан дагуулахаар мордсон үр ач нар нь “Мөнх тэнгэр”-т тэтгэгдсэн Шүтээн болгож, бүхий л үйл ажиллагаагаа Чингис хааны таалал хэмээн тайлбарлах болжээ.


Чингис хааны хөргийг шүтэж байсан тухай анхны тэмдэглэлүүд түүнийг тэнгэрт хальснаас 20 орчим жилийн дараа 1246 онд Волга мөрний орчим Бат хааны өргөөнд очсон Бенедикт болон 1247 онд Гүюг хааны өргөөнд очсон Плано Карпини нарын тэмдэглэл юм. Европын энэ хоёр элч Гүюг, Бат хаан өргөөнийхөө хойморт Чингис хааны сэрэг дүрийг залж, өдөр бүр тахьдаг, хэрэв тэрхүү шүтээнд хүндэтгэл үзүүлэхээс татгалзвал цаазалдаг тухай бичсэн байдаг.


Хубилай хаан Эзэнт гүрний нийслэлийг Ханбалиг, Шанду хотод шилжүүлснийхээ дараа 1263 онд Чингис хаан болон залгамжлагч Хаадыг тахих Найман цагаан өргөө байгуулж, хөрөг дүрийг нь бүтээлгэжээ. Тэрээр 1278 оны 11 дүгээр сард Чингис хаан, Өгэдэй хаан, Толуйн хөргийг зурахыг Бичгийн утгачийн хүрээлэнгийн бичгийн утгач сайд Хоргосунд тушаажээ. 1279 оны 2 дугаар сард Толуйн хөргийг дахин зурах, Өгэдэй хааны хөргийг тэр хэвээр нь баталж, Дээдсийн сүмд залах зарлиг буув.


Энэ хариуцлагатай ажлыг хэрхэн гүйцэтгэсэн тухай деталь мэдээлэл байхгүй ч ерөнхийд нь таамаглахаар мэдээллүүд бий. Тэр үед Чингис, Өгэдэй, Толуй гуравтай нэгэн цаг үед амьдарч байсан гэрч нар, үр ач нар нь түүний бүтээлд засвар, санал хэлсэн нь мэдээж. Энэ нь Толуйн хөргийг дахиж засуулахаар буцаасан гэдэг тэмдэглэлээр нотлогдоно.


1368 онд Тогоонтөмөр хаан нийслэл хотоо орхин зугтахдаа Хубилай Цэцэн хааны үеэс тахиж шүтэж ирсэн Чингис хааны хөрөг, шүтээнийг авч явж чадаагүй орхисон тухай түүхэн тэмдэглэл бий.


Гэвч Эзэнт гүрний задралын дараах эринд монголчууд Найман цагаан өргөөг Ордост шинээр байгуулж, Чингис хааны алтан нум сум, саадгийг шүтээн болгож, хаан ширээнд залах ёслолыг түүний өмнө зохион байгуулдаг байв.

Монголчууд мандан бадрах үедээ Чингис хааныг шүтээн болгож, эрч зориг авдаг байсан бол бууран доройтох үедээ сэргэн мандах, нэгдэж нягтрах хүчийг мөн авдаг байсны гэрч нь Найман цагаан гэр юм.


Шашин бүрийн шүтээн

XVI зуунд Монголд бурхны шашин дэлгэрэх үед Чингис хааныг Бурхны хувилгаан гэж шүтэх үзэгдэл түгээмэл болжээ. Ингэснээр Чингис хааныг шүтэх нь бурхны шашныг шүтэхтэй адил болж, Монголд буддизм дэлгэрэх хүчин зүйл болсон аж.


Бурхны шашны нөлөөгөөр бичигдсэн XVII зууны үеийн Монгол сурвалж бичгүүдэд “Монголын газар Очирваанийн  хувилгаан  Тэмүүжин  нэрт  хан  хөвүүн  төрж, эрсийн  эзэн  хэмээх  арван  хоёр  их  хаан  нугуудыг  дураараа  болгон,  хамаг замбуутивийг эрхэндээ оруулж урьдасын байгуулсан хоёр ёсыг тэгшид эрхлээд хурлын эзэн суут Чингис хааны нэр нь тэнгэрийн дуурьсан замбуутив ертөнцөд түгээмэл сонсогджээ” гэж тэмдэглэсэн байдаг.


Чингис хааныг Бурхдын дүрээр зурах, тахилыг нь бурхны шашны зан үйлээр тахих болсноор монголчуудын шашин шүтлэгийн цөм нь Их хаан хэвээр үлджээ.


Үндэсний шүтээн

Коммунизм Монголд Чингис хааныг үгүйсгэж байсан ч, монголчууд коммунист болсон ч Марксыг Чингис хаанаас илүү дээдлээгүй юм.

Их эзэн Чингис Хаан түүхэн хүмүүний зэрэгцээ коммунизм ч ганхааж үл барам Монголчуудын амин чанарын эх ундарга байсан юм.


Үүрдийн бахархал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Чингис хааны алтадсан хөшөөг Чингис хааны музейд залав. Гандантэгчинлэн хийд бурхны шашны бэлгэдлүүдийг шингээсэн Чингис хааны хөргийг заллаа. 


Уран барималч Ж.Түмэнчулуун, зураач Т.Одон, А.Ууганбаяр нар Чингис, Өгэдэй, Хубилай хааны сэрэг дүр, хөрөг зургийг бүтээж, Чингис хааны музейд толилуулж байна. 


Дэлхий даяар геополитик, үзэл санаа, нийгмийн хямрал болж байгаа цаг үед Их хаадын сэрэг дүрийг бүтээсэн нь эв нэгдэл, үйл хэрэг, үзэл санааны эрэлд байгаа монголчуудад цагаа олсон бүтээл бус уу?

                                                                                                “Монгол Хаан театр” ХХК














Холбоотой мэдээ