ТӨВ: “Эх орон монгол бидний бахархал” танилцах үйл ажиллагааг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-03-12 20:33:56

Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Зуунмод хотын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 110 сурагчийг Монгол Улсын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Сүхбаатарын болон байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн үйл ажиллагаатай танилцуулах “Эх оронч монгол бидний бахархал” үйл ажиллагааг зохион байгууллаа.


Хөтөлбөрийн дагуу сурагчдад ангийн гүйцэтгэх үүргийн онцлог, түүхэн замнал, алдар гавьяа, хугацаат цэргийн алба хаагчдын сургалт бэлтгэлийн талаар танилцуулга хийж, цэргийн алба хаагчдын хувцас хэрэглэлийн норм хангалтын тухай мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм.


Үргэлжлүүлэн хугацаат цэргийн алба хаагчид, сурагчдын хамтарсан урлагийн хэсэгчилсэн тоглолтыг зохион байгуулж, жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхуулсан нь сурагчдын сэтгэгдлийг ихээхэн татав. Мөн цэргийн байртай танилцаж, гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнээр өрсөлдөж, зэвсэг техникийн үзэсгэлэн үзэв.

 

Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн 12ё ангийн сурагч М.Баянмөнхөөс тодруулахад, “Түрүүч, байлдагч ах нараараа бахархаж байна. Би ч гэсэн эх орныхоо хүү нь болно. Цэргийн амьдрал, тэдний орчинтой танилцаад илүү өөр бодолтой боллоо. Цэрэгт явахаас айж, эмээдэг байсан бол тэгэх шаардлагагүй юм байна. Өөрийгөө цэрэг болсноор төсөөлж омогшлоо” гэв.  

 




Холбоотой мэдээ