Д.Трампын захидлыг Ираны тал хүлээн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-03-13 15:19:20

ДУБАЙ, 2025 оны гуравдугаар сарын 13. /TASS/. Ираны шашны дээд удирдагч, аятолла Али Хаменейд хаягласан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захидлыг Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ Ерөнхийлөгчийн дипломат асуудал эрхэлсэн зөвлөх Анвар Гаргаш Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчид дамжуулан өгчээ. 


“Техранд болсон уулзалтын үеэр хоёр талын харилцаа, бүс нутгийн болон олон улсын зарим асуудлаар санал солилцов. АНЭУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Анвар Гаргаш хэлэхдээ, Ойрх Дорнодын орнуудын ашиг сонирхлыг хангахын тулд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсний сацуу Иран улстай харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Анвар Гаргаш АНУ-ын Ерөнхийлөгчийн захидлыг гардуулан өгөв" гэж Ираны ГХЯ-ны мэдэгдэлд дурдсан байна. 


Хэрэв Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийнхөө асуудлаар АНУ-тай тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн хүч хэрэглэнэ гэж Д.Трамп удаа дараа сүрдүүлжээ. Америкийн удирдагч Иранд дээд зэргээр шахалт үзүүлэх бодлогод эргэн шилжих тухай зарлигт гарын үсэг зурж, Иран улс цөмийн зэвсэгтэй болохыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна. Али Хаменей хариуд нь мэдэгдэхдээ, дарамт шахалт дор хэлэлцээ хийхгүй гэжээ. 


Цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээ хийхийг санал болгосон захидлыг Али Хаменейд илгээсэн тухайгаа Д.Трамп гуравдугаар сарын 7-нд мэдэгджээ. Ираны удирдагч хариуд нь АНУ зөвхөн өөрийн ашиг сонирхлыг эн тэргүүндд тавьж байгаа учраас Вашингтонтой хэлэлцээ хийхийг эсэргүүцэж байна гэжээ. Яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа тухай Трампын мэдэгдэл бол дэлхийн олон нийтийн санаа бодлыг хууран мэхэлсэн явдал гэж үзэж байгаагаа Хаменей гуравдугаар сарын 12-нд мэдэгдэл хийхдээ илэрхийлсэн байна. Хэрэв Иран цөмийн зэвсэг бүтээхийг хүсвэл АНУ зогсоож чадахгүй гэж тэрбээр нэмж дурджээ.



Холбоотой мэдээ