ХОВД: Ойн санг бүрдүүлэн ургаж буй модны 96.4 хувийг заг эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-21 14:03:03

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Олон улсын ойн өдөр өнөөдөр тохиож байна.


Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн санг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах, эерэг хандлагыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын ойн өдөр" болгожээ.

Ой мод нь хүний эрүүл, аз жаргалтай амьдрахад маш чухал байгалийн нөөц юм. Нар, салхи, цас, бороо, зэрлэг амьтад болон хүн төрөлхтний оролцоотой нөхөн сэргээгдэх боломжтой байгалийн нөөцөд ордог.

Монгол Улсын ойн сан нь нутгийн хойд хэсэгт тархсан шилмүүст, навчит ой, нутгийн өмнө талын говь, цөлийн бүсэд тархсан заган ойгоос бүрдэнэ.

Манай орны ой нь байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхаар нэн хязгаарлагдмал, ойн түймэр, хөнөөлт шавж, өвчин болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртөмтгий эмзэг экосистем юм.

Судалгаагаар Ховд аймгийн ойн сан  812.9 мянган га талбайг эзэлж байна.


2011 оны тооллогоор ойн сангийн талбай 799751 га байсан бол 2020 онд 812921 га болж, 13170 га талбайгаар нэмэгджээ. Тодруулбал, заган ойн талбай нэмэгдсэн байна. Мөн Ховд болон Мөнххайрхан сумын улиас мод, балганыг ойн санд шинээр бүртгэжээ.  

Ойн санг бүрдүүлэн ургаж буй модны зүйлийн бүрдлийн хувьд шинэс мод 4806 га буюу талбайн 2.0 хувийг эзэлж байна. Мөн хус мод 234 га буюу 0.1 хувь, улиас 131 га буюу 0.05 хувь, бургас 3182 га буюу 1.3 хувийг эзлэн ургаж байгаа юм. Харин заг мод хамгийн их, 223327 га буюу 96.4 хувийг эзэлж байна.  


Заг мод говь цөлийн хөрс хамгаалах, элсний нүүдлийг барьж тогтоох гээд олон давуу талтай.  

Ховд аймгийн ойн сан бүхэлдээ буюу 812921 га талбай хамгаалалтын бүсийн ангилалд ордог.

Ойн сан нас, модны төрлөөрөө ижил боловч хөрс, уур амьсгалын өөр өөр нөхцөлд ургаж байгаа модод нь өндөр, бүдүүн, модлогийн чанараар ялгаатай байгаа юм.

Ховд аймаг нь 17 сум, 91 багтай. Үүнээс Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Зэрэг, Алтай, Үенч, Булган гэх мэт 11 сумын нутаг дэвсгэр ойн сангийн талбайд багтдаг. 

Холбоотой мэдээ