ӨВӨРХАНГАЙ: Дэлгүүрийн эзэд электрон тамхи худалдахгүй байх уриалгад нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-03-19 19:10:25

Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Хүүхдийн төлөө илүү хариуцлагатай, илүү сонор байцгаая” уриалгыг дэвшүүлэн зөвлөгөөн зохион байгууллаа.

Архи, согтууруулах ундаа, утаат болон электрон тамхи, бусад төрлийн мансууруулах бодисоос хүүхдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой тус зөвлөгөөнд хүнсний дэлгүүр, эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагын эрхлэгчид оролцож, хүүхдийн төлөө “за” гэж хэлсэн юм.



21 нас хүрээгүй хүүхдүүдэд архи, согтууруулах ундаа худалдахгүй байх, бүх төрлийн тамхи, ахуйн газ зэргийг худалдан авч байгаа эсэхэд хяналт тавих, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж, 16 төрлийн мэдээллийг багтаасан хаяг, шошготой байлгах зэрэг асуудлыг зөвлөгөөнөөр онцолж, холбогдох байгууллагууд мэдээлэл өглөө.

Үүнтэй уялдуулан зөвлөгөөнд оролцогчид электрон тамхи, сэтгэхүйд нөлөөлөхүйц эм бэлдмэлийг хүүхдэд худалдахгүй байх шийдвэрийг гаргаж, дээрх уриалгад нэгдлээ. Нөгөө талаар эцэг, эхчүүдэд энэ чиглэлийн мэдлэг, мэдээллийг олгож, дэлгүүр рүү архи, тамхинд хүүхдээ явуулахгүй байхад нь анхаарч өгөхийг хүсэж байв.



Эрүүл мэндийн газраас өсвөр насны хүүхдүүдийн дунд электрон тамхины хэрэглээний судалгаа авахад 19 хувь нь электрон тамхи хэрэглэж үзсэн гэжээ. Үүний 5.3 хувь нь байнга хэрэглэдэг гэсэн байна. Тэд шалтгаанаа хэлэхдээ энгийн тамхинаас илүү чамин, жимсний амттай, хортой гэж мэддэггүй, дэлгүүрт зардаг учраас, найзуудаа дуурайдаг хэмээсэн байна.

Мөн аймгийн хэмжээнд 2024 онд 2, 2025 он гарсаар 2 хүүхэд ахуйн газ ашиглан мансуурч, эмнэлгийн тусламж авчээ. 

Холбоотой мэдээ