ОРХОН: Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид чууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй алба хаагчдын анхдугаар чуулган боллоо.
Чуулганд аймгийн Цагдаа, Прокурор, Тагнуул, Онцгой байдал, Гааль Шүүхийн шинжилгээний газар, Зэвсэгт хүчний 186, 110, Дотоодын цэргийн 816 дугаар анги зэрэг 10 байгууллагад ажиллаж буй 280 алба хаагч оролцлоо.
Үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нар оролцож мэндчилгээ дэвшүүлэв. Эмэгтэй алба хаагчдын эрх зүйн байдал, тулгамдаж буй асуудлуудыг сонсож хүний эрх, нийгмийн баталгааг хангах ажлыг шийдвэрлэх, мөрдөстэй бүсгүйчүүдийн орон нутаг дахь манлайлал, оролцоо, хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар эмэгтэй алба хаагчид хэлэлцлээ.
Цагдаагийн байгууллагын санаачилгаар 2005 онд “Мөрдөстэй эмэгтэйчүүд” үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлснээс хойш 20 жилийн ойн босгон дээр Орхон аймгийн төрийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид орон нутагтаа анх удаа чуулсан нь энэ юм. Мөрдөстэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах холбоог чуулганы төгсгөлд байгуулсан нь анхдугаар чуулганы онцлог байв. Тус холбоо нь энэ удаагийн чуулганаар хэлэлцсэн асуудлуудыг шийдвэрлэх, бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллах юм..
Түүнчлэн аймгийн Засаг даргын урилгаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэнбаяр нар "Ажил амьдралын тэнцвэр" сэдвээр илтгэл тавив. Мөн "Тогтвортой хөгжилд жендэрийн эрх тэгш байдал" сэдвээр "Тогтвортой хөгжил-Ирээдүй" ТББ-ын тэргүүн Х.Төгсбаяр, "Мөрдөстэй бүсгүйчүүдэд тулгамдаж буй асуудал" сэдвээр Зэвсэгт хүчний 816 дугаар ангийн ахлах офицер, дэслэгч М.Одончимэг нар илтгэл тавьсан юм.