Киришима Б.Лхагвасүрэн ирэх башёд сэкивакэ цолтой барилдах боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-24 11:29:01

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумогийн хаврын Харү башё 15 хоногийн турш үргэлжилж, өндөрлөлөө.


Манай улсаас 21 бөх банцүкэд бичигдсэн ч 19 бөх башёг дуусгав. Макүшитагийн зүүний наймдугаарт эрэмбэтэй байсан Котокэнрюү Г.Билгүүн эхний өдрөөс башёг өнжсөн бол 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн 10 дахь өдрөөс тэмцээнийг орхисон юм. Тэгвэл таван зиндаанд барилдсан 19 бөхөөс 15 нь качигоши буюу тавин хувийн амжилтаа хийж, дөрөв нь макёкоши буюу тавиас доош хувийн амжилттай дуусгалаа.


Энэ башёд залуу озэки Оносато гурав дахь удаагаа түрүүлсэн бол манай сумочдоос комүсүби Киришима Б.Лхагвасүрэн сүүлийн өдөр тавин хувийн амжилт үзүүлснээр тавдугаар сард сэкивакэ цолтой барилдах боломжтой болов. Манай бөхчүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Тамаваши Б.Мөнх-Оргил, Онокацү Б.Чойжилсүрэн нар бөгөөд 10 даваатай башёг дуусгалаа. Түүнчлэн сумогийн анхны башёдоо зодоглосон улсын начин Д.Сэржбүдээгийн хүү, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн нарын үеэл дүү Тэнросэй С.Лувсангомбо таван даваатай өндөрлүүлэв.


Монгол сумочдынхоо амжилтын мэдээллийг хүргэе.

Макүүчи зиндаа

Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн 8-7

Б-2 Чиёошома Г.Мөнхсайхан 6-9

Б-7 Тамаваши Б.Мөнх-Оргил 10-5

Б-8 Оошёоүма П.Дэлгэрбаяр 9-6

Б-12 Онокацү Б.Чойжилсүрэн 10-5

Жюүрёо зиндаа

З-1 Тамашохо Э.Энхманлай 8-7

З-3 Рога А.Амарсанаа 11-4

З-6 Миторюү Б.Төрболд 4-11

Б-10 Дайсэзэн А.Асгахад 8-7

Макүшита зиндаа

Б-7 Дайшохо Ч.Шижирбаяр 4-3

З-9 Кёкүкайюү Ш.Далайбаатар 5-2

З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн 6-1

Б-15 Асахакүрюү Р.Жамъянтогтох 5-2

Б-16 Казэноүми Ц.Билгүүн 3-4

З-21 Хокүтомарү Н.Чинзориг 5-2

Б-29 Хокүтэнкай Г.Сүхбат 3-4

З-45 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 5-2

Санданмэ зиндаа

З-6 Госэйзан Б.Мөнх-Од 5-2

Б-18 Саданохикари Д.Наранцогт 4-3

Жонокүчи зиндаа

Б-13 Тэнросэй С.Лувсангомбо 5-2 



Холбоотой мэдээ