ӨВӨРХАНГАЙ: Олимпод амжилт гаргасан тамирчдаа угтан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд
амжилттай оролцож, тэргүүлсэн Арвайхээр сумын тамирчдыг сум, сургууль, БТСГ-ын удирдлага,
гэр бүлийхэн нь угтан авлаа.
Итали улсын Турин хотноо зохион байгуулсан тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дэргэдэх тусгай хэрэгцээт бүлгийн тамирчин Т.Дэлэгжаргал цасны гуталтай гүйлтийн 200 метрийн зайд хүрэл медаль, 800 метрийн зайд алтан медаль, Б.Буянтогтох цасны гуталтай гүйлтийн 4х100 төрөлд хүрэл медаль, 400 метрийн зайд алтан медалийг тус тус хүртжээ.
“Уралдааны
гарааны замд ойчих, гутал сугарах зэрэг бэрхшээл учирсан ч уралдаанаа
үргэлжлүүлж, амжилт гаргаж чадлаа, сайхан байна” хэмээн Т.Дэлэгжаргал ярьсан бол Б.Буянтогтох “Уралдааны зам шуургатай, хүнд байсан ч багшийнхаа хашгирахыг
сонсоод улам илүү хурдалсан” гэж байлаа.
“Өвөрхангай аймгаас өвлийн олимпод анх удаа оролцох боломжийг олгож, аймаг, Арвайхээр сумын удирдлагаас дэмжлэг үзүүлсэнд баяртай байна. Амжилт гаргахгүй байхын аргагүй олон хүний итгэл, сэтгэлийн дэмээр яваад ирлээ” хэмээн Х.Пүрэвсүрэн багш талархал илэрхийллээ.