ХОВД: Хүүхэд харагчийг бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-25 15:54:44

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймагт хүүхэд харагчийг бэлтгэх таван өдрийн сургалт боллоо. 

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/180 дугаар бүхий “Хүүхэд харах үйлчилгээний шалгуур, болзол, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам”-ын тавдугаар зүйлд Хүүхэд харагчийг бэлтгэх сургалтыг аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтэс зохион байгуулна гэж заасан.

Үүний дагуу Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас 2025 оны гуравдугаар сарын 17-21-ний өдөр Хүүхэд харагчийг бэлтгэх сургалт зохион байгуулсан юм. 

Сургалтад зургаан иргэн оролцсон. Үүнээс хоёр нь хилийн заставт хүүхэд харах үйлчилгээ эрхлэх бол дөрөв нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр гэрчилгээ гардан авлаа.   

Энэ удаагийн сургалтаар бага насны хүүхдийн эрх, хөгжил, хамаалал, холбогдох  үйлчилгээ, эрүүл мэнд, хоол тэжээлийг сайжруулах арга зүйн тухай мэдээлэл түгээжээ. 

 

Холбоотой мэдээ