П.Наранбаяр: Ажил үүргийн давхцлыг арилгаж, 900 сая төгрөгийн хэмнэлт бий болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хоорондын чиг үүргийн давхцлыг судалж үзсэн байна.
Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр тус судалгааны дүнг танилцуулав. Тэрбээр, "Төрийн бүтээмжийн зөвлөлтэй хамтарч боловсролын салбарын удирдлага, менежментийг авч яваа голлох дээрх 4 байгууллага хоорондын чиг үүргийн давхцлыг судаллаа. Эдгээр дөрвөн байгууллагад одоогийн байдлаар 361 хүн ажиллаж байгаагаас 81-ийнх нь чиг үүрэг давхцаж байна. Тэдгээр ажилтны 8 хувьд нь хэмнэлт үүсгэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Мөнгөн дүнгээр авч үзвэл, нэг жилд 900 сая орчим төгрөгийн цалингийн зардлын хэмнэлтийг үүсгэж болохоор байна.
Мөн 73 ажилтныг өөр ажлын байранд сэлгэн ажиллуулна. Ингэхдээ орон нутгийн Боловсролын газарт ажиллуулах, судалгааны хүрээлэнгүүд рүү шилжүүлэх зэрэг өөрчлөлт хийнэ. Үүний дараа нийслэлийн Боловсролын газар, Боловсролын ерөнхий газар болон орон нутгийн холбогдох байгууллагуудад ажил үүргийн дүн шинжилгээг явуулах болно" хэмээн мэдээлэв.