ОРХОН: Пүрэв гараг бүр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонсож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-03-28 11:46:50

Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр пүрэв гараг бүр иргэдээ хүлээн авч уулзалт хийж хэвшсэн бөгөөд өчигдөр 22 иргэн хүлээн авч уулзлаа.

 

Тухайлбал, 2А хороололд барьсан “Платинум” орон сууцны оршин суугчдын төлөөлөл уулзаж хотхоны гадна тохижилт, метр квадратын зөрүү зэрэг асуудлаар гомдол саналаа хэллээ. Ирэх 7 хоногт хотын захирагчийн орлогчоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж уулзалт хийнэ. 


Баянбулаг багийн иргэн багийнхаа нутаг дэвсгэрт спорт заал барих хүсэлтэй бөгөөд газар шийдэж өгөх хүсэлт тавьжээ. Иргэн өөрийн өмчлөлийн газар дээр үзвэр үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барихад төр дэмжлэг үзүүлж ажиллах боломжтойгоос бусдаар шууд газар олгох боломж байхгүй талаар мэдээлэл өглөө. 


Мөн Засаг даргын уулзалтын үеэр Орхон аймгийн Хөл бөмбөгийн холбооны гишүүд аймгийн нутаг дэвсгэрт стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай байгуулахаар зорьж байгаа тухайгаа илэрхийлж газар олгох хүсэлт тавилаа.


Хөл бөмбөгийн талбайн зураг төсвөө танилцуулж эргэж мэдээлэл солилцохоор боллоо. Мөн аймгийн зүгээс Оюут багт оюутны хотхон байгуулах 50 га талбайд стандартад нийцсэн талбай байгуулах саналаа яаманд уламжилсан байна. Энэ асуудал шийдэгдвэл гарц гаргалгаа гарч ирэх боломжтой болох юм. 


Мөн Их залуу багийн иргэн бороо, усны улиралд хашаа нь усанд автаж удаа дараа хохирол учруулсан тул гарц шийдлийг ярилцахаар иржээ. Энэ онд манай аймагт Гамшигт тэсвэртэй хотууд төслийн хүрээнд үерийн далан байгуулах ажил эхэлнэ.

Холбоотой мэдээ