ӨМНӨГОВЬ: Усны шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-03-28 11:38:59

Даланзадгад, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Өмнөговь аймгийн ЗДТГ, БОГ-аас санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг усны газарт 400 сая гаруй төгрөгийн өртөг бүхий хаягдал усны шинжилгээний лабораторийн тоног, төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

 

Байгаль орчны бохирдлыг багасгах, усны эх үүсвэрийг хамгаалах, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усны химийн найрлага, физик чанарын үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээг MNS4943:2015 стандартаар тогтоож нийт 44 үзүүлэлтээр шинжлэх ёстой хэдий ч одоогоор 28 үзүүлэлтээр шинжилж байгааг судлаач, мэргэжилтнүүд онцлон анхааруулдаг.

 

Монгол Улсын хэмжээнд бохир усны шинжилгээг нэн тэргүүнд хийх зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа учраас Өмнөговь аймгийн ЗДТГ, Байгаль орчны газраас санаачлан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.

 

400 сая гаруй төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжид ус болон бохир усны шинжилгээний лабораторийн тусгай хэрэгцээг хангахад зориулсан спектрофотометр, лабораторийн болон үйлдвэрлэлийн олон төрлийн хэрэглээний өндөр шаардлагыг хангадаг, усны булингарыг хамгийн өндөр нарийвчлалтай хэмжиж, зөв үр дүнг гаргах хүчин чадалтай булингар хэмжигч, гурван бие даасан сувгаар нэг зэрэг хэмжилт хийх олон параметр тодорхойлох төхөөрөмж, ууссан хүчилтөрөгч тодорхойлох багаж, нэг үүрт жингийн систем бүхий чийг хэмжигч зэрэг зөөврийн болон суурин өндөр хүчин чадалтай багажууд багтаж байгаа юм. 

Холбоотой мэдээ