Дэлхийн туйлууд дээгүүр нислэг үйлдэх хөлгийг хөөргөлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /TASS/. Америкийн “SpaceX” компани түүхэнд анх удаа Дэлхийн туйлуудын дээгүүрх орон зайд сансрын нислэг үйлдэх “Crew Dragon” хөлгийг хөөргөлөө.
Уг хөлгөөр “Fram2” хөтөлбөрийн хүрээнд сансрын нисгэгч бус дөрвөн хүнийг хойд болон өмнөд туйлын дээгүүрх тойрог зам руу илгээжээ. Хөлгийн багийн бүрэлдэхүүнд Мальта улсын бизнес эрхлэгч Чун Ван, Норвегийн кино найруулагч Яннике Миккельсен, Германы робот техникийн инженер Рабеа Рогге, Австралийн мэргэжлийн аялагч Эрик Филипс нар багтсан байна.
Нислэг 3-5 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд багийн гишүүд сансарт анх удаа рентген зураг авах, цус багадалт, ясны эрүүл мэндийг судлах, мөн мөөг ургуулах туршилт болон булчин, ясны массын алдагдлаас сэргийлэх зорилгоор цусны урсгалыг хязгаарлах зэрэг туршилтуудыг хийнэ.
Сансрын хөлөг тойрог замд амжилттай орсон бөгөөд одоо манай гаргийн хойд болон өмнөд туйлын дээгүүр ниснэ. Нислэг 450 км-ийн өндөрт явагдах ажээ.
"Энэхүү хөтөлбөр нь арилжааны сансрын нислэгийг хөгжүүлэхэд чухал алхам болж байгаагийн зэрэгцээ ирээдүйн сансрын аялал жуулчлалд шинэ боломжуудыг нээнэ" гэж "SpaceX" компанийн мэдэгдэлд онцолсон байна.