Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг нэн даруй цэгцлэх шаардлагатай гэж үзжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төсөл батлагдсанаар боловсруулж буй хуулийн төсөлд тавигдах
шаардлага өндөрсөж, батлагдан гарах хууль тогтоомж чанаржина. Түүнчлэн хууль санаачлах хүрээ хязгаарыг илүү
нарийвчилж, хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх, олон нийтийн оролцоог хангах
зэрэг цогц шийдэл болох бөгөөд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж
холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг
дэмжжээ.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах гол хэрэгсэл болгож байгаа асуудлыг цэгцлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 1XBET гэхэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй компани бөгөөд гэрээ байгуулж, цалин авдаг 110 агенттай. Эдгээр агентаар дамжин 2024 онд 500 сая ам.доллар, 2025 он гарснаас хойш эхний 2 сарын байдлаар 87 сая ам.доллар Монгол Улсаас гарчээ. Түүнчлэн мөрийтэй тоглоомд донтох эмгэг жил ирэх бүр нэмэгдсэн үзүүлэлттэй гарч буй.
Иймд дээрх асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх нэн шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзсэн аж.