ӨВӨРХАНГАЙ: Р.Энхбат: Улс орон хөгжье гэвэл сайн инженерүүдийг бэлтгэх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-04-09 17:44:39

Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Улсын физикийн 36 дугаар олимпиад энэ сарын 5-8-ны өдрүүдэд боллоо. Олимпиадын төгсгөлд Физикийн олимпиадын хорооны нарийн бичиг Р.Энхбаттай ярилцлаа.


-Улсын физикийн 36 дугаар олимпиадын онцлог, давуу тал нь юу байв. Юутай ч олон хүний бүрэлдэхүүн ирж оролцлоо.

-Улсын физикийн 36 дугаар олимпиад Өвөрхангай аймагт амжилттай боллоо. Олимпиадад оролцогчид 9 дүгээр анги, 12 дугаар анги, багш гэсэн ангиллаар онол, туршилт гэсэн төрөлд ур чадвараа сорьж өрсөлдлөө. Төрөлжсөн олимпиадууд нийт хоёр долоо хоног үргэлжиж байгаа. Үүнээс ганцхан улсын физикийн олимпиад орон нутагт, бусад нь Улаанбаатарт болж байгаа юм.  


Энэ жилийн физикийн олимпиадад МУИС, МУБИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш, оюутнууд, Физик, техникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд, “Мэксим консалтинг” ХХК-ийн төлөөлөл зэрэг маш олон хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.


Туршилтын даалгавруудад их сургуулийн багш нар өөрсдөө бодлого зохиогоод түүндээ тохирсон багажийг өөрсдөө үйлдвэрлэж оролцсон нь их онцлог байлаа.


Урьд нь бол сургуульд байдаг багажаа авчраад туршилт хийдэг байсан. 

Мөн оролцогч хүүхдүүд бодлогоо цаасан дээр бичээд сургуулийн коридорт хүлээгээд зогсдог байсан бол энэ жил орчин үеийн техник технологийн хөгжлөө дагаж, “Мэксим консалтинг” ХХК-ийн программын дагуу 100 хувь цахимжуулан оролцлоо. Өөрсдийн бодлогоо харах, хүсэлтээ илэрхийлэх, оноогоо хамгаалах гээд бүгд цахим байсан.


Түүнчлэн квант физикийг сурталчилж ажилласан нь их онцлог байлаа. Энэ жил квант физик үүссэний 100 жил тохиож, дэлхий нийтээр квант физикийг сурталчилж байна. ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал, академич Ж.Даваасамбуу ажилтнуудын хамтаар оролцож, квант физикийн сургалтуудыг хийлээ.


Энэ үеэр Астрономийн улсын IX олимпиад давхар болж, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд, доктор А.Баясгалан нар оролцлоо. "Нүүдлийн планетариум" одон орны зөөврийн үзвэрийн танхимыг ажиллуулж, хүүхэд багачуудыг одот тэнгэр, гараг ертөнцөөр аялуулсан нь их сонирхолтой ажил болсон.


-Физикийн шинжлэх ухаанаар суралцах, судлахын ач холбогдол нь юу вэ?

-Физикийн шинжлэх ухаан бол өөрөө байгалийн шинжлэх ухааны том хэсэг нь юм. Хүүхдүүд физикт шимтэн суралцсанаар тоо бодох гэхээс илүүтэй сонирхсон зүйлээ өөрийн гараар хийж турших, үр дүнгээ тооцоолж физикийн шинжлэх ухааны онолтой тохирч байгаа эсэхийг шалгах зэргээр өөрийн оюун ухааныг дээд зэргээр ажиллуулж ашиглах боломжтой.

Улс орон хөгжье гэвэл сайн инженерүүдийг бэлтгэх ёстой. Сайн инженер болохын гол суурь нь физикээр сайн суралцах явдал юм. Улс орны хөгжлийг авч явах өндөр чадвартай сайн инженерүүдтэй болъё гэвэл физикийн шинжлэх ухааныг маш сайн хөгжүүлэх ёстой.


Ганцхан бодлого бодоод онолын чадвараа сайжруулахаас гадна физикийн хэрэглэгдэхүүнийг ашиглаад багажаа угсраад тэнд явагдаж байгаа үзэгдэл процессоо таниад тэрийгээ  зохих ажлынх нь дагуу тооцоолон ажиллаж сурах хэрэгтэй. Багаж, тоног төхөөрөмж дээр ажилладаггүй, туршилт бага хийдэг хүүхдүүд маш их алдаа гаргана.


-Олимпиадын төгсгөлд та юуг хэлмээр байна вэ?

нэхүү олимпиадыг орон нутагт зохион байгуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлсэн Өвөрхангай аймгийн ИТХ, Засаг дарга болон түүний Тамгын газар, Боловсролын газар, Арвайхээр сумын удирдлагууд, физикийн багш нарт улсын физикийн 36 дугаар олимпиадад оролцсон нийт оролцогчийнхоо өмнөөс талархсанаа илэрхийлье.

Орон нутгийнхаа физикийн боловсролыг сайжруулахын төлөө хичээн ажиллаж байгаад баярлалаа. Мөн хүүхдүүдийн сурч боловсрох орчныг сайжруулахын төлөө сэтгэл гарган ажиллаж байгаа бүх хүмүүст, хамтарч ивээн тэтгэж оролцсон байгууллагуудад давхар баярлаж талархсанаа хэлмээр байна.


Холбоотой мэдээ