Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шатарчид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-11 11:30:53

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбооноос зохион байгуулж буй Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдыг сонгон шалгаруулах тэмцээн гурав хоног болж, 40 шатарчин эрхээ авлаа.


Тусгаар тогтнолын ордонд болсон сонгон шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 160 шатарчин оюун ухаанаараа өрсөлдсөнөөс Азийн бүсийн тэмцээнд оролцох эрхийг 40 шатарчин авчээ. Нээлттэй ангилалд А.Эрхэмбаяр найман оноогоор тэргүүлсэн бол Ц.Лхагвадорж (7.5), М.Батманлай (7), Д.Төгсбилгүүн, Т.Тодмөнх, Г.Агар, Г.Эркин тэргүүтэй 20 шатарчин эрхээ авсан байна. Харин эмэгтэйчүүдээс М.Цэлмэг, Б.Ану, Ч.Нандинжигүүр нар 7.0 оноогоор шатарчдыг тэргүүлсэн бол Н.Энхрийхэн, Ш.Уранзаяа, Б.Уянгалянхуа, З.Наранзаяа, Т.Цэлмүүн нар 6.5 оноо авчээ. Нийт 57 эмэгтэй шатарчин өрсөлдсөнөөс эхний 20-д орсон нь бүсийн тэмцээнд оролцохоор болсон байна.


Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй 1800, эрэгтэй 2000-аас дээш олон улсын чансаатай шатарчид оролцох болон Дэлхийн цомын эрх олгохоороо онцлогтой. Азийн 3.3 бүсэд Монгол, Бруней, Камбож,  Тайвань, Хонконг, Индонез, Япон, Лаос, Макао, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, БНСУ, Тайланд, Зүүн Тимор, Вьетнам зэрэг улс багтдаг.

Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-ноос тавдугаар сарын 2-нд Улаанбаатарт болох юм.  



Холбоотой мэдээ