Улс үндэстнээ цогцлооход Үндсэн хуулийн оруулсан хувь нэмрийг Монгол, Энэтхэг Улс өндөр үнэлдэг
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Үндсэн хуулийн ерөнхий архитектор, доктор Бабасахеб Амбедкарын мэндэлсний 134 жилийн ойг тохиолдуулан “Улс үндэстэн цогцлооход Энэтхэг болон Монголын Үндсэн хуулийн оруулсан хувь нэмэр” сэдэвт бага хурлыг Энэтхэгийн ЭСЯ-нд өнөөдөр зохион байгууллаа.
Тус хурлыг Энэтхэг
Улсын Үндсэн Хууль батлагдсаны 75 жил, Монгол, Энэтхэг Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн
ойн хүрээнд зохион байгуулснаараа
онцлогтой. Хуралд
ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан, ҮХЦ-ийн гишүүн Д.Гангабаатар,
Энэтхэг судлалын төвийн тэргүүн, доктор, профессор О.Нямдаваа, Азийн Буддистуудын Энхтайвны Бага хурлын
Ерөнхийлөгч Хамба Номун Хан Д.Чойжамц, ICCR-ийн
Монгол Төгсөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Х.Чинбат, Энэтхэг Монголын Эрүүл
Мэндийн Хамтын ажиллагааны төвийн
тэргүүн доктор н.Жамбалмаа, МУИС-ийн Үндсэн хуулийн Эрх зүйн Хүрээлэнгийн захирал, профессор Х.Сэлэнгэ, эрдэмтэн багш нар,
хууль зүйн факультетын оюутнууд, Монголд
амьдарч буй Энэтхэг иргэд
оролцлоо. Энэ үеэр оролцогчид доктор Бабасахеб Амбедкарын
гэрэл зурагт цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлэв.
Энэхүү хуралд зориулан Энэтхэгийн Парламентын асуудал эрхэлсэн Сайд ноён Кирен Рижижугийн видео мэндчилгээг толилуулав. Тэрбээр хэлсэн үгэндээ, доктор Амбедкар Үндсэн хууль бол зөвхөн хууль эрх зүйн баримт бичиг биш, харин иргэн бүрийн шударга ёс, тэгш байдал, нэр төрийг хангах амин чухал хэрэгсэл гэж үзэж байсан, мөн түүний алсын хараа нь Энэтхэгийн ардчиллын замналыг чиглүүлсээр байгааг дурдав. Мөн тэрбээр хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо энэ жил тэмдэглэж байгаа бид стратегийн түншүүд, оюун санааны ахан дүүс, Буддын шашны өв уламжлалаараа нэгдсэн анд нөхдийн хувьд өнө эртний хэлхээ холбоогоороо бахархаж байна хэмээв. Энэтхэг Улс Монгол Улстай тогтоосон найрамдалт харилцаагаа ихээр үнэлдэг ба цаашид энх тайван, хөгжил дэвшил, ард түмнийхээ хөгжил цэцэглэлтийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
Харин ҮХЦ-ийн Дарга Г.Баясгалан хэлэхдээ, Энэтхэгийн Үндсэн хууль бол дэлхийн хамгийн дэлгэрэнгүй Үндсэн хуулийн нэг гэдгийг дурдав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн эцэг Б.Чимид Үндсэн хууль бол алганд багтсан эх орон гэж хэлсэн бол Энэтхэгийн Үндсэн хуулийн эцэг, доктор Бабасахеб Амбедкар Үндсэн хууль бол зөвхөн эрх зүйн баримт бичиг биш харин “иргэн бүрийн шударга ёс, тэгш байдал, нэр төрийг хангах амин чухал хэрэгсэл” гэснийг иш татав. Тэрбээр Монгол, Энэтхэгийн хууль зүйн шинжлэх ухааны чиглэлээр цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Атул Малхари Готсурве хэлсэн үгэндээ, Улс үндэстнээ цогцлооход Үндсэн хуулийн оруулсан хувь нэмрийг хоёр улс өндөр үнэлдэг ардчилсан орнууд юм. Ардчилал бол Энэтхэг, Монголын найрсаг харилцааны чухал тулгуур хэмээв. Үндсэн хуулийн төслийг боловсруулах хорооны даргын хувьд доктор Бабасахеб Амбедкарын оруулсан агуу хувь нэмрийг хүндэтгэж, түүний “32 дугаар зүйл бол Үндсэн хуулийн амин сүнс мөн” гэж хэлсэн үгнээс иш татав.
Монгол Улсаас Энэтхэгт сууж байсан Элчин сайд, Энэтхэг судлаач, Энэтхэг судлалын төвийн тэргүүн доктор, профессор О.Нямдаваа Монгол, Энэтхэгийн харилцааны түүхийг сөхөж, хиймэл оюун, биотехнологи, сансрын салбар гэх мэт хамтын ажиллагааны шинэ салбаруудыг харилцан ашигтай эрэлхийлэхийг санал болгов.
Тус хурлыг Энэтхэг
Улсын ЭСЯ Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, МУИС-ийн Үндсэн Хуулийн Эрх зүйн
Хүрээлэн, Монгол дахь Энэтхэг судлалын
төвтэй хамтран зохион байгуулсан юм.