637 иргэн үзлэгт хамрагдсанаас 182 иргэн эр цэргийн албанд мордлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-31 22:32:00

Улс орон даяар явагдсан хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнгөрсөн долоо хоногт Дорнод аймагт болж, тус аймгаас 182 иргэн эр цэргийн албанд тэнцлээ.

Аймгийн Цэргийн штабаас цэргийн албанд татагдах 18-26 насны 637 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. Эдгээр иргэдээс 28,5 хувь нь эр цэргийн албанд тэнцэж харъяалагдах зэвсэгт хүчин, хилийн цэргийн ангиудад хуваарилагдан очжээ. Үзлэгт орсон иргэдийнх ихэнх нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй байна. Тэнцээгүй иргэдээс чих хамар хоолой, дотор, мэдрэлийн өвчлөл ихэнх хувийг нь эзэлсэн байна. Харин ар гэрийн гачигдал буюу сурч байгаа, бие бялдрын хөгжил дутуу, хоёроос дээш хүүхэдтэй, урд нь ял шийтгэл эдэлж байсан зэрэг шалтгаанаар 57 иргэн чөлөөлөгдсөн байна.

Цэрэгт тэнцсэн залуусын боловсролын түвшин өндөр байгаа нь ажиглагдав. Тухайлбал тэнцсэн 182 иргэний 14 нь дээд, бусад нь бүрэн дунд болон тусгай дунд боловсролтой иргэд байлаа.

Б.Туяа

Холбоотой мэдээ