ӨВӨРХАНГАЙ: Цагдаагийн газраас багуудад санал хүсэлтийн дэвтэр нээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас 2024 оны үйл ажиллагааныхаа тайланг иргэдэд танилцуулж, санал хүсэлтийг нь сонслоо.
Цагдаагийн газар нь 2024 онд таван зорилтын хүрээнд 46 ажил төлөвлөж, 92 хувьтай хэрэгжүүлжээ. Тухайн онд иргэн, аж ахуйн нэгжээс 4148 гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Мөн 579 холбогдогчтой, 1.2 тэрбум төгрөгийн хохиролтой, 695 гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 94 удаагийн 415 цагийн сургалтад давхардсан тоогоор 15524 алба хаагчийг хамруулсан байна.
Тайлантай танилцсан иргэд санал сэтгэгдлээ илэрхийлж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Чимэддагва хариулт өглөө. Тухайлбал, хэсгийн байцаагч, цагдааг хариуцсан багт нь тогтвор суурьшилтай ажиллуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг иргэд хэлж байв. Тиймээс багийн иргэдтэй ойр ажиллахын тулд санал хүсэлтийн дэвтэр нээж, эргэх холбоотой ажиллана гэдгээ Цагдаагийн газрын дарга хэлсэн юм.
Мөн дөрвөн замын уулзвар бүхий замуудад гэрлэн дохио тавих, камержуулалт, гэрэлтүүлгийг сайжруулах, алба хаагчид харилцаа, хандлагадаа анхаарах талаар хүсэлт тавилаа.
Энэ үеэр Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин хамтарч ажилладаг иргэдэд аймгийн Засаг даргын “Журамт бичиг” болон Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг” гардуулсан юм.