Хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-18 11:34:33

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн Ерөнхий ассемблейн XXII чуулганы хуралдаанаар 1983 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ны энэ өдрийг “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарч байв.


Тэр цагаас хойш дэлхийн улс орнууд энэ өдрийг нэгдсэн хэлбэрээр тэмдэглэх болжээ. Энэ өдөр өөр өөрийн өв соёлыг хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлж хойч үедээ өвлүүлэн үлдээх талаар ажил өрнүүлж ёслон тэмдэглэдэг уламжлалтай. Дэлхийн Байгаль болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцоор ач холбогдолтой, хосгүй үнэт, гайхамшигт үл хөдлөх дурсгалыг хамгаалдаг. 


Манай улс энэхүү конвенцод 1990 онд нэгджээ. Энэ үеэс Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Алтайн нурууны хадны зураг зэрэг цогцолбор дурсгалууд, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгт газруудыг бүртгүүлсэн байдаг.


Хөшөө дурсгал бол тухайн хүн, түүхэн үйл явдлыг байнга санан дурсаж буй баталгаа, хүндэтгэн дээдэлж буйн илрэл, нөгөө талаас тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, амьдрахуйн хэвшил, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл юм.


Нийслэлийн хэмжээнд 200 гаруй хөшөө дурсгал бий. Хөшөө дурсгал гэдэг тухайн улс үндэстний түүх, соёлыг илэрхийлж, мөнхлөх учиртай. Түүнчлэн хотжилт, тохижилтын үүрэг гүйцэтгэх нь бий. Түүгээр ч зогсохгүй үл хөдлөх дурсгал гэх нэрийн дор соёлын өвд бүртгэгддэг. Хөшөө дурсгал гэдэг жил бүр их хэмжээгээр нэмэгдээд байдаг зүйл биш учраас улсын хэмжээний тооллогыг хуулийн хүрээнд таван жил тутамд нэг удаа хийдэг байна. Хөшөө, дурсгалыг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан нийслэл хотод оршин буй гурван онцлох хөшөөг танилцуулъя.


Төрийн ордны Чингис хааны хөшөөт цогцолбор




Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг 2006 онд орон даяар төрт ёсны их баяр ёслол болгон тэмдэглэх ажлын хүрээнд “Чингис хааны дурсгалын болон төрийн ёслол хүндэтгэлийн өргөө”-г байгуулсан түүхтэй. 2005 оны есдүгээр сард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эртний заншлын дагуу шав тавих ёслолыг үйлджээ. Тус өргөөг барих газарт 88 төрлийн эд зүйлийг бумбанд хийж, лусын эзэнд өргөл болгож оршоосон байна. Үүнд Дэлүүн болдог, Хажуу булаг, Онон гол, Гурван нуур, Бүрги эрэг, Бурхан халдун уул, Хэрлэн гол, Хар зүрхний Хөх нуур, Онон мөрний Цагаан нуур, Хөдөө арал,  Орхон гол, Хөвсгөл нуур, Алтан-Овоо, Шилийн богд, Ганга нуур, Чингис уул, Хатан Туул зэрэг Чингис хааны хүүхэд ахуйгаас насан эцэс хүртэлх түүхэнд холбогдох бүх дурсгалт газрын хөрс шороо, ус нуур булгийн дээжүүд, Их Аураг орд ба Хархорум хот, Дэлгэр мөрний хөвөөн дэх Мөнх хааны ордны тууринаас олдсон дурсгалт зүйлс орсон байна. Чингис хааны дурсгалын болон Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын эхний хэсгийг 2006 оны долоодугаар сард нээсэн. Өргөөний өмнө талд Эзэн богд Чингис хаан, Өгөөдэй хаан, Хубилай сэцэн хааны хөшөөнүүдийг хүлэг баатар Мухулай, Боорчи нараар хамгаалуулан босгосон байдаг. Тус цогцолборт Монгол Улсын төрийн 2000 гаруй жилийн түүхэн хөгжлийг харуулсан Түүхийн музей байгуулжээ. Эзэн Чингис хааны дурсгалын болон Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний цогцолборт Цагаан сарын шинийн нэгний золголт, Үндэсний их баяр наадмын хүлээн авалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, гадаад орнуудын төр засгийн тэргүүний уулзалт, итгэмжлэх жуух бичиг хүлээн авах,  гардуулах ёслол болон төрийн шагнал, одон, медаль гардуулах ёслол зэрэг төрийн бүхий л өндөр хүндэтгэлт ёслолыг зохион байгуулдаг.


Төрийн тамганы хөшөө




Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвд Төрийн ордны ар тал дахь цэцэрлэгт 2006 онд сүндэрлүүлсэн хөшөө юм. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд 2006 онд Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болгон “Монгол төрийн тамганы хөшөө”-г Төрийн ордны арын цэцэрлэгт босгожээ. Энэхүү хөшөөний эх загварыг “Зураг урлал” компанийн зураач Д.Наранжав зохиосон юм. Монгол Төрийн тамгыг барын дүрстэй бариултайгаар бүтээсэн байна. Уг хөшөөний дөрвөн талд Их Монгол Улсын, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын, 1924 онд баталсан Үндсэн хуулиар батлагдсан БНМАУ-ын, 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын Төрийн тамгыг байрлуулсан байна. Мөн тамганы хөшөөний суурь хэсэгт төрөө хүндэлж, сүслэн дээдэлж ирсэн Монголын олон омгийн 168 тамгыг гантиг чулуун дээр цоолборлон бүтээсэн байдаг билээ. Тэгвэл нүүрэн талд нь далай хаан Гүюгийн тамганы дардасын бичсэн сийлбэр болох “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг, ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай" хэмээн бичсэн байдаг.


“Халуун элгэн нутаг” дууны хөшөө




Урлагийн гавьяат зүтгэлтэн Жамцын Бадраагийн үг, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Цэгмидийн Намсрайжавын хөгжим, ХХ зууны манлай “Халуун элгэн нутаг” дуунд зориулсан анхны хөшөө Гадаад харилцааны яамны баруун талд байдгийг хүмүүс андахгүй. Энэ хөшөөний эх загварыг интерьерийн зураач Д.Батдорж гаргаж, түүний загвараар уг боржин чулуун хөшөөг 1999 онд буюу Улаанбаатар хот байгуулагдсаны 360 жилийн ойгоор байрлуулжээ.

Элэг зүрхнээс уяатай

Энхрий Монгол орон минь

Эцэг эхээс заяатай

Эрдэнийн алтан өлгий минь... хэмээх эхний бадгийг нотны хамт боржин чулуунд сийлсэн байдаг. “Нот бол соёлт хүн төрөлхтний хэл. Гадаадын аль ч улсын иргэн энэ хөшөөний дэргэдүүр өнгөрөхдөө нотноос нь ямар аялгуулаг хөгжим болохыг тайлж, сэтгэлдээ хөг аялгууг нь эгшиглүүлэнхэн алхаг” гэсэн сэтгэн нотыг, шүлгийн эхний дөрвөн мөртийн хамт сийлжээ. Тэгвэл эхний бадгийг хадаж үлдээсэн нь “Халуун элгэн нутаг” дууг үргэлжлүүлэн хоёр, гурав дахь бадгийг дуулаад өнгөрөх болов уу гэсэн санаа агуулсан байна. Ийнхүү дуунд зориулсан анхны хөшөө бий болсон түүхтэй. Харин үүнээс хойш “Маамуу нааш ир”, “Аав, ээж хоёр минь” зэрэг дуу хөшөөтэй болсон юм. 

Холбоотой мэдээ