БАЯНХОНГОР: Хонгор нутгийн хөшөө дурсгалуудаас...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-18 15:50:44

Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн Ерөнхий ассамблейн XXII чуулганы хуралдаанаар 1983 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ны өдрийг “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарч байв. Тэр цагаас хойш дэлхийн улс орнууд энэ өдрийг нэгдсэн хэлбэрээр тэмдэглэх болжээ. Баянхонгор аймгийн төвийн хөшөө дурсгалаас онцлон хүргэж байна.


Баянхонгорын шүтээн бурхан


Хотын баруун хэсэгт байрладаг Хөх толгой буюу “Эрдэнэмандал” хайрхны оройд нутгийн шүтээн бэлгэдэл “Баянхонгор бурхан”-ы дүрийг залсан байдаг. Галуут сумын нутаг дахь Хонгор хайрхны эзэн савдаг “Баянхонгор бурхан” нь аймгийнхаа уул ус, газар нутаг, хүн ардыг ивээж, хамгаалдаг гэх домог бий.  

1995 оны зургаадугаар сард тухайн үеийн аймгийн удирдлагууд Баянхонгор орны эзэн савдаг гэж үздэг дээрх бурхныг нутгийн шүтээн бэлгэдэл болгох шийдвэрээ гаргажээ. Ардын урлагийн их наадам, залуучуудын урлаг, спортын уулзалт, гурван үеийн чуулган Баянхонгор хотноо болох үеэр буюу 2006 онд Баянхонгор бурхныг “Эрдэнэмандал” хайрхны оройд залжээ. 

Эл хайрхан аймгийн төв дэх хамгийн өндөрлөг газар тул нутгийн зон олон цагаан сарын шинийн нэгний өглөө зүг мөрөө гарган, ургах нарыг харах гэж зорин очдогоос гадна эндээс хотын ерөнхий байдал бүхлээрээ харагддаг.


Тусгаар тогтнолын багана


Хонгор нутгийн ард олон Тусгаар тогтнолын багана бүхий төв талбайгаа Баганат талбай хэмээн нэрлэдэг. Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөний бэлгэдэл хэмээн дээдэлдэг тус баганы түүхийг сөхвөл:

1945 оны 10 дугаар сард БНМАУ-ын Төрийн тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний гарын үсэг зурахад зориулсан хурал цуглаан аймгийн төв хөдөөд 200 гаруй удаа болжээ. Мөн оны 10 дугаар сарын 20-ны өдөр улс орныхоо “Төрийн тусгаар тогтнолын төлөө” аймгийн насанд хүрсэн бүх иргэн /24114/ оролцож, гарын үсгээ зурсан байна. Тэр жилээ Баянхонгор аймаг Төрийн тусгаар тогтнолд зориулж, Хүндэтгэлийн модон баганыг аймгийн төвд босгожээ.

Ийнхүү “Тусгаар тогтнолын” гэж олноо нэрлэгдсэн баганаа 1974 онд улс тунхагласны 50 жилийн ойгоор шинэчлэн аймгийн намын хороо, захиргааны өмнөх талбайд бүтээжээ. Энэхүү сүрлэг сайхан баганы зургийг архитектор инженер н.Дашигдорж хийж, уран барималч Д.Найдан гардан бүтээсэн байна.

       Баганат талбайг 1974 онд байгуулснаас хойш өргөтгөл, шинэчлэл хийгээгүй байсныг 2014 онд их засварт оруулж, энэ хүрээнд “Ахмадын цэцэрлэгт хүрээлэн”, төв талбайн хучилт, гэрэлтүүлгийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэжээ. Өргөтгөл, засварын ажлын хүрээнд цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийн ажлыг ч нэг мөр шийдсэн байна.

 

Үндсэн хуулийн хөшөө


Үндсэн хууль болон үндсэн хуулийг батлалцахад Баянхонгор аймгаа төлөөлөн оролцсон хүмүүсийг алдаршуулж, 2008 оны 11 дүгээр сарын 26-нд Үндсэн хуулийн хөшөөг Баганат талбайд босгож байжээ. Харин 2014 онд Ахмадын цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн байрлуулсан байна.

БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн Хоёрдугаар хуралдаанаар 430 депутат Шинэ Ардчилсан Үндсэн хуулиа баталж байсан бөгөөд Баянхонгор аймгаас 21 депутат оролцож байжээ.

Баянхонгор аймгаас П.Пүрэвгял, О.Нямдаваа, Т.Галсан, А.Рэгзэн, Г.Бүдий, Ц.Очирбал, Б.Санджуйжав, Т.Төмөрбаатар, Н.Сэндэнжав, Г.Жадамбаа, Д.Марав, Б.Искра, Б.Сангисэрээ, Р.Доржбат, Ч.Батболд, Л.Дүйсэнсанги, Ж.Жагравал, Б.Чойжилсүрэн, М.Жадамбаа,, Л.Баяндалай, Т.Ширмэн нарын 21 депутат анхдугаар үндсэн хуулийг батлалцсан түүхтэй. Тус хуралд нийт есөн малчин оролцсон байдаг бөгөөд хоёр нь Баянхонгорынх байжээ.



Н.Жамбаа баатрын хөшөө


  Монгол Улсын баатар Н.Жамбаагийн хөшөө аймгийн ЗДТГ-ын өмнөх талбайд байдаг. Норпилын Жамбаа нь  /1918-2007/ Баянхонгор аймгийн Богд сумын Эрдэнэтолгойд төрсөн.

     Тэрээр 1937 онд цэргийн албанд татагдан, Матадын 8-р дивизийн 23-р морьт хороонд цэрэг, 24-р отряд байгуулагдахад 7-р заставт тасгийн даргаар алба хаан, Халхын голын дайнд оролцсон. 1939-1943 онд 7-р заставын дарга, 1943-1944 онд Тусгай хороонд салааны дарга, 1944-46 онд 7-р отрядын харьяа Сэгсцагаан богдод тусгай отрядын дарга, 1946-1951 онд хилийн 5, 6-р отрядын Ганцмод, Байтагийн заставын дарга, 1951-1957 онд НАХЯ-ны комендатурт жижүүр, төлөөлөгч, 1957-1979 онд БХЯ-ны 026-р ангид жолооч, ахлагчаар ажиллажээ. 

    1939 оны Халх голын дайны эхнээс дуусах хүртэл тулалдсан баатруудын нэг бол Норпилын Жамбаа. Түүнийг Цэргийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Байлдааны гавьяаны хүндэт одон, Сүхбаатарын одон, Шударга журам медалиар шагнасан байна. Ингээд 1979 оны наймдугаар сарын 15-ны өдөр Алтан таван хошуу, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар цол олгожээ. 

     Түүний төрсөн нутаг Баянхонгор аймгийн төв талбайд хөшөөг нь босгосон бол Хилийн 0198 дугаар ангийн Дэгээ голын заставыг Дорнод аймгийн ИТХ-ын 2011 оны 03 дугаар тогтоолоор түүний нэрэмжит болгосон байна.


 П.Аюуш арслангийн хөшөө


   "Нисэхийн" хэмээх Пагмын Аюуш нь Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, үндэсний бөхийн Улсын арслан юм. Тэрбээр 1946 онд зургаа давж улсын заан болсон бол 1947 онд зургаа даван, 1949 онд ес давж түрүүлэн арслан цолны болзлыг хангасан бөгөөд 1953 онд тав давж байжээ.
    П.Аюуш 1949 онд улсын баяр наадамд түрүүлж улсын арслан цолны болзлыг хангасан ч үзүүр түрүүний барилдаанд Ш.Батсуурь аварга түүнд бууж өгсөн гэж үзэн баяр наадмын комиссын дарга маршал Х.Чойбалсан уурлаж шууд босч яван, цолыг нь олгоогүй аж. Түүнд 1956 онд улсын арслан цолыг нөхөн олгосон байна. 
    Дархан аварга Ш.Батсуурь хожим дурсахдаа “Бууж өгч ч болохгүй, биеэр үйлдэх бүү хэл зүүдлээ ч үгүй явахдаа Аюуш заанд бууж өгсөн болж гүтгэгдэн өөрөө ч хохирч, өрөө­лийг ч хохироосон юм” гэжээ. 
   Түүний унасан газар, угаасан ус Богд сум байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан П.Аюуш арсланд зориулж бодь суварга, 2005 онд Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын өмнөх талбайд хүрэл хөшөөг босгож алдар нэрийг нь мөнхжүүлсэн байна.
Холбоотой мэдээ