ХОВД: Түүхэн агшин, өв соёл, уламжлалыг харуулсан 120 гаруй гэрэл зураг танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-04-23 15:06:36

Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн зурагчин, уран бүтээлчид “Photo week-2025” уриан дор түүхэн зураг болон виртуал гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байна.        

Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан гэрэл зурагчин, чөлөөт уран бүтээлчдийг дэмжих, бүтээлийг нь сурталчлах, гэрэл зургийн үнэ цэнийг тодотгох зорилгоор энэ сарын 21-27-ны өдөр “Photo week-2025" үйл ажиллагааг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж буй.


Ховд аймгийн гэрэл зургийн онцлох бүтээлийг Г.Амарсанаагийн цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн гэр, орон нутгийн музейд дэлгэсэн бөгөөд гэрэл зураг сонирхогч иргэн, хүүхэд, залууст нээлттэй үйлчилж байна. 


Үүнд 11 зурагчин 120 гаруй бүтээл танилцуулж буй.  


Тус бүтээлүүд нь халх, дөрвөд, захчин, торгууд зэрэг олон угсаатны бүлгийн соёлын өв, ахуй амьдрал, уламжлал, ёс заншил, үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгалт газар, амьтан, ургамал, түүхэн агшин зэргийг гэрэл зургаар дамжуулан харуулжээ.  


Энэ нь хүүхэд, өсвөр, залуу үеийнхэнд нутгийн онцлог, өв соёлоо танин мэдэх, эх орон, түүхэн уламжлалаараа бахархах сэтгэгдлийг төрүүлэх ач холбогдолтой юм. 


Үзэсгэлэнг зохион байгуулахад Ховд аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон гэрэл зурагчид хамтран ажиллаж байна. 


Гурван өдрийн хугацаанд дээрх гэрэл зургийн үзэсгэлэнг 400 гаруй хүн үзэж сонирхжээ.  



Холбоотой мэдээ