ТӨВ: Уулын болон засмал замын дугуйн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-04-28 19:56:41

Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хүүхдийн спортын VIII наадмын хүрээнд уулын дугуйн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болон засмал замын дугуйн нээлттэй тэмцээнийг энэ сарын 26,27-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Уулын дугуйн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 6 сумын 9 байгууллагын 93 тамирчин оролцсон байна. Үүнээс 74 эрэгтэй, 19 эмэгтэй тамирчин 4 насны ангилалд өрсөлдлөө.


Тодруулбал, 11-12 насны хөвгүүд, охид 1.5 км зайд, 13-14 насны ангилал 3 км зайд, 15-16 хөвгүүд, охидын 4.5 км зайд, 17-18 насны хөвгүүдийн 7.5 км, охидын 6 км зайд уралдсан байна.


Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг 38 оноогоор Г.Мөнхбаяр дасгалжуулагчтай Зуунмод сумын 5-р сургууль эзэлж, дэд байрт 31 оноогоор Б.Болдбаатар дасгалжуулагчтай Эрдэнэ сум, гутгаар байрт 15,5 оноогоор Ж.Уранболд дасгалжуулагчтай Лүн сумын баг, тамирчид тус тус шалгарчээ.


Засмал замын дугуйн нээлттэй тэмцээнд 23 байгууллагын 140 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдсөн байна. Тэмцээнийг нийт 7 ангиллаар зохион байгуулсан юм.


Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг спортын мастер Г.Батсүх дасгалжуулагчтай Төв аймгийн "Төв Ургац" дугуйн холбоо, дэд байрыг олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн дасгалжуулагчтай​ "Цасан зам" клуб, гутгаар байрыг спортын мастер Р.Галбадрах дасгалжуулагчтай "Хурд эрдэнэт" клубүүд тус тус эзэлжээ.


Тэмцээнд оролцогч Зуунмод сумын О.Намуунаас сэтгэгдлийг тодруулахад, "Энэ удаагийнх миний анхны тэмцээн учраас маш их сандарч айж байна. Бага байхад аав минь дугуй унахыг зааж өгч байсан. Дугуй унаад аюулгүйгээ мэдрээд явна гэдэг нь гоё санагдаж байна" гэв.


 

Холбоотой мэдээ