ДУНДГОВЬ: Иргэдэд газрын харилцаатай холбоотой мэдээлэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-04-30 13:43:35
altantogos

Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Бид иргэдээ сонсож, шийднэ” өдөрлөгийг Сайнцагаан суманд зохион байгууллаа.


Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2025 оныг “Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, газрын харилцаатай холбоотой үйлчилгээг иргэдэд хүргэх, цахим системийг сурталчлах ажлыг зохион байгуулж байна.


Тус үйл ажиллагааны хүрээнд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас энэхүү өдөрлөгийг 4 дэх сумандаа зохион байгуулж байна.


Өдөрлөгийн үеэр газрын харилцаатай холбоотой үйлчилгээ үзүүлэхээс гадна газрын харилцааны цахим системийг иргэдэд сурталчлан цахимаас үйлчилгээг хэрхэн авах талаар заавар зөвлөмж өгч, “Газрын төлбөр төлөх боломжууд”, “Цахим биржийн системийн танилцуулга”, “Газрын цахим системээс үйлчилгээ авах заавар”-ыг танилцуулж, иргэдэд мэдээлэл өгчээ.


Иргэд өнөөдрийн байдлаар газартай холбоотой 27 үйлчилгээг цахимаар авч болох ба И-Монголиа системээс шинээр газар эзэмших эрх авах хүсэлт гаргах, газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, газар эзэмших эрхийн лавлагаа, газар эзэмших, ашигах тусгай зөвшөөрөл, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа, газрын кадасртын нэгж талбарын тодорхойлолт, газрын төлбөр тооцоо хийсэн акт, геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, нэгж талбарын дуудлага худалдааны анхны үнийн лавлагаа, нэгж талбарын суурь үнэлгээний лавлагаа, хүн, хуулийн  этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний лавлагаа зэрэг үйлчилгээг авах боломжтой юм.


Энэ үеэр барилгын компаниуд Сайнцагаан суманд барьж байгаа нийтийн орон сууцны “Грийн гоби гарден” болон “Голомт” хотхоны байрны үнэ, худалдан авах нөхцөлийн талаар иргэдэд мэдээлэл өгчээ. 





Холбоотой мэдээ