Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-01 14:52:29

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол дархны уламжлал, шинэчлэл” сэдэвт анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ.


Чуулганаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба монгол уран дархны урлаг”, “Монгол уран дархны соёлын үнэ цэн, ач холбогдол”, “Монгол уран дархчуудын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, “Монгол дархны тогтвортой хөгжил ба эрх зүйн асуудал”, “Монгол уран дархан ба санхүүгийн зах зээл”, “Монгол уран дархны түүхий эдийн хангамжийн зохицуулалт” сэдвийг хэлэлцэж байна. Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэрбээр уран дархан, өв соёлыг түгээн дэлгэрүүлэгчдийн үйл хэрэг бол манай улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын амин чухал дархлаа, өв соёлын үнэт зүйл болж ирснийг тэмдэглэв.

 

Цаашид монгол дархан, урлаачдын бүтээлийг түүх, угсаатны зүй, соёл, иргэншилтэй уялдуулан судалж, олон мянган жилийн дахин давтагдашгүй өнгө төрхийг нь сурталчлан таниулж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстойг хэлсэн юм. Тус чуулганы хүрээнд уран дархны урлаг, үнэт металлын үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй хууль эрх зүйн орчин, санхүүгийн зах зээл, түүхий эдийн хангамж зэрэг асуудлаар холбогдох талуудын оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлж байна. Анхдугаар чуулганд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс “Монгол дархны уламжлалт арга ухаан”-ыг өвлөн уламжлагч гар урчууд, бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид болон холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, бодлого боловсруулагчид оролцож байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү чуулганыг дөрвөн жил тутамд зохион байгуулж байхыг онцоллоо.


Чуулганы үеэр ССАЖЗ-ын сайд Ч.Номин ярихдаа, “Дархчуулынхаа бүтээлийг бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал байна. Ингэхдээ хийж буй бүтээл нь дахин давтагдашгүй байх ёстой. Нэг ёсондоо бусдаас онцлогтой бүтээл, бүтээгдэхүүн гаргаж чадвал эдийн засгийн хувьд илүү хөгжих боломжтой. Дархчууд гэлтгүй өв соёл тээгчид, өвлөн уламжлагчид, урлагийнхан гурван зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, өв соёлоо хадгалж, хамгаалах ёстой. Өөрөөр хэлбэл, анхны хэлбэр хийцээр хадгалах нь эргээд соёлын нөөц болно. Хоёрдугаарт, орчин цагтай уялдуулж хөгжүүлэх ёстой юм. Гуравдугаарт, эдийн засгийн эргэлтэд оруулмаар байна. Олон улсын экспод оруулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох ёстой. Нэг ёсондоо манай яам хадгалж, хамгаалахаас гадна эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд нь дэмжлэг үзүүлнэ” гэв.


Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, “Энэ бол маш чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон чуулган юм. Яагаад гэвэл шар урлал, дархчуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх боломж гарна. Дээрээс нь дархчуудын хөгжих эрх зүйн орчныг бий болгох, дэлхийд гарахад анхаарч ажиллана. Хоёрдугаарт, хүний нөөцийн асуудалд анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, ирээдүйн залгамж халаагаа хэрхэн бэлтгэх асуудлыг хэлэлцэх шаардлага байна. Гуравдугаарт, дэд бүтцийн асуудлыг шийдье. Дөрөвдүгээрт, иргэддээ сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, олон улсын зах зээлд гаргах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тавдугаарт, санхүүжилтийн зөв механизм, тогтолцоог бий болгоё. Дархчууд гадагшаа мөнгөө урсгаж, гаднаас түүхий эдээ авч байна. Үүнийг дотооддоо үлдээх тогтолцоог гаргаж, хөнгөлөлттэй зээл бий болгох зэргийг шийдэх нь энэ чуулганы гол ач холбогдол юм. Үүнийг шийдэхгүй бол бид түүхий эд авах нэрийдлээр гадагшаа валютаа гаргаад байна. Үүнийг өөрсдөдөө шингээж үлдээх хэрэгтэй” хэмээн ярилаа.


Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Манай салбарт олборлож байгаа алт, мөнгө, зэс гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнийг монгол дархчууд авч ашиглаж байна. Үүнд хуулийн гаргалгаа хэрэгтэй. Алтны уурхайнууд олборлосон алтаа Монголбанканд тушааж, тэд гадагшаа экспортолж байна. Энэ хооронд монгол дархчуудын жилийн хэрэглээ болох 200 кг алтыг яах вэ, хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал байна. Тэгвэл чуулганаар үүнийг зөвлөмждөө оруулж, бид эрх зүйг нь зохицуулъя гэсэн тайлбар өглөө. Энэ бол шийдэж болох асуудал” гэж хэллээ.


Ташрамд дурдахад, манай улсад өнөөдрийн байдлаар 4000 орчим уран дархан байдаг гэсэн албан бус тоо бий. Үүний тал нь орон нутагт ажиллаж, амьдарч байгаа юм. Чуулганы үеэр дархны үйл ажиллагаа явуулдаг зарим компани бүтээгдэхүүнийхээ дээжээс дэлгэж, сонирхууллаа. 





























Холбоотой мэдээ