“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэнг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-01 16:17:07

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. ШУА-ийн Биологийн хүрээлэнг үүсгэн байгуулсны 60 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд тус хүрээлэнгээс Чингис хаан Үндэсний музейтэй хамтран “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэлээ.


Үзэсгэлэнгээр дамжуулан амьд байгаль дахь төрөл зүйлийн баялаг үзмэр, биологийн шинжлэх ухааны ач холбогдол, тусгай өвөрмөц багаж хэрэгсэл зэргийг олон нийтэд таниулах зорилготой аж. Энэхүү үзэсгэлэн дэлхий ертөнцийн амьд өв соёл, байгалийн гайхамшгийг харуулсан төрөл зүйлийн олон өнгө, хөхтөн хоёр нутагтан, усны амьтад, шувуу, шавж, микро организм болон лабораторийн хэрэглэгдэхүүн зэрэг олон зүйлсийг нэг дор цогцлоосон өргөн цар хүрээг хамарсан танин мэдэхүйн ач холбогдолтой юм.


Үзэсгэлэнд Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн олон жилийн туршид хийж гүйцэтгэсэн судалгаа, цуглуулга, сургалт судалгааны хэрэглэгдэхүүнээс гадна оюутан, сурагч, судлаач, байгальд хайртай иргэдийн сонирхлыг татахуйц үзмэрийг дэлгэжээ.  


ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологи лабораторийн эрхлэгч Х.Алтанзул ярихдаа, “Манай лаборатори ургамлын биотехнологи буюу хиймэл тэжээлийн орчинд Монголд ашигтай байгальд ургах боломжгүй ургамлыг ургуулдаг. Энэ нь ховордсон ургамлыг нөхөн сэргээх, уул уурхай, малын хөлд талхлагдсан талбайг нөхөн сэргээх зэрэг ач холбогдолтой. Мөн судалгааны шинэ чиглэл гэж үзэж болох юм. Ургамлыг лабораторийн нөхцөлд шилэн дотор хэрхэн ургуулахыг мэддэггүй. Үзэсгэлэнд 15 үзмэрийн 12 нь шилэн дотор ургасан, гурав нь шилнээс гаргаж хөрсөнд шилжүүлсэн ургамлыг дэлгэсэн. Мөн байгальд ургаж чадахгүй байгаа ургамлын нэг эс, эдээс авч нөхөн сэргээдэг. Жилийн дөрвөн улирал харгалзахгүйгээр лабораторийн нөхцөлд ургуулдаг. Нэг жижиг эсийг олон зуун болгож ургуулдаг онцлогтой. Нөхөн сэргээх үйлдвэрлэлд ашиглах зорилгоор эмийн ургамлыг ургуулах, говийн цөлжилтийн эсрэг богино хугацаанд ургуулах давуу талтай” гэв.


Ташрамд дурдахад, Монгол Улсад орчин цагийн биологийн шинжлэх ухааны үндэс суурь тавигдаж, 1961 онд Байгалийн ухааны хүрээлэнгийн “Биологийн сектор” нэрээр, 1965 оноос Биологийн хүрээлэн нэрээр өргөжин тэлсэн юм.


Үзэсгэлэн зургаадугаар сарын нэгнийг хүртэл олны хүртээл болно.










Холбоотой мэдээ