Умард Солонгост 3 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-02 14:41:32

БЭЭЖИН. /Xinhua/. Үерт нэрвэгдсэн Умард Солонгост гурван сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснээ Хятад улсын Худалдааны яам өнөөдөр мэдэгдлээ.

Тус яамнаас гаргасан мэдэгдэлд “есдүгээр сарын эхэн үеэс хойш БНАСАУ-ын зүүн хойд нутагт үер усны гамшиг нүүрлэсний улмаас олон хүн амиа алдаж, эд материалын их хэмжээний хохирол учирлаа. Умард Солонгосын хүсэлтээр манай улсын Засгийн газар гамшгийн хөнөөлийг арилгахад зориулан 20 сая юань буюу гурван сая долларыг хүмүүнлэгийн тусламж болгон олгохоор шийдвэрлэлээ” гэжээ.

Есдүгээр сарын эхээр “Лайнрок” хар салхи Умард Солонгосыг дайран өнгөрсөн юм. Энэ нь 1945 оноос хойш тус улсыг дайран өнгөрсөн “хамгийн хүчтэй бөгөөд хамгийн их хур тунадас дагуулсан” хар салхи байлаа.

Хар салхи дайран өнгөрсний дараа их хэмжээний аадар бороо орсны улмаас олон мянган айл өрх орон гэргүй болж, олон байшин барилга нурж сүйдэн, 138 хүн амиа алдаж, 400 орчим хүн сураггүй болсон юм.

11 дүгээр сард цельсийн -15 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа энэ үед Умард Солонгост 70 мянга орчим хүн орох оронгүй байна гэж цаг уурчид анхаарууллаа.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ