БАЯНХОНГОР: Нээлттэй сонсголыг ирэх сарын 16-ны өдөр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-05-08 10:28:14
Баянхонгор, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын даргын /2025.05.01/ захирамжаар “Баянхонгор аймгийн хэмжээнд олгосон ашигт малтмалын олборлолт ил тод байдал, гэрээний хэрэгжилт, үр дүн”-гийн ерөнхий хяналтын сонсголыг ирэх сарын 16-ны өдөр Баянхонгор суманд зохион байгуулна.

Тус сонсгол нь ашигт малтмалын салбар дахь ил тод байдал, гэрээний биелэлт, үр дүнг олон нийтийн оролцоотойгоор дүгнэх, нээлттэй, хариуцлагатай шийдвэр гаргахад чиглэсэн чухал үйл ажиллагаа болох юм.

Ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 22-24-ний өдрүүдэд урьдчилсан цуврал хэлэлцүүлгүүд “Нутгийн захиргааны ордон”-ы хурлын танхимд болох бөгөөд иргэд, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагууд нээлттэй санал бодлоо илэрхийлж оролцох боломжтой юм байна.

Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 11.5 сая га. Тэгвэл тус аймагт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ нийт нутаг дэвсгэрийн 3.45 хувь буюу 382.6 мянган га талбайг эзэлдэг байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 100, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 39 аж ахуйн нэгж бүртгэлтэй байна.
Холбоотой мэдээ