Боксчид Европын цуврал тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-12 13:08:14

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Европ тивд зохион байгуулах цуврал тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо.


Багийн бүрэлдэхүүнд дөрвөн дасгалжуулагч, 12 тамирчин багтжээ. Тодруулбал, багийг ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, куба мэргэжилтэн Рубен Санчез болон дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин нараас гадна олон улсын шүүгч Б.Болдбат багтлаа. Харин тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Номундарь, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д О.Есүгэн, М.Энхжаргал, 57 кг-д Э.Мичидмаа, эрэгтэйчүүдийн 50 кг-д А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, Г.Лундаа, 60 кг-д Д.Ганболд, Т.Энхтөр, 65 кг-д Э.Бат-Өлзий, Б.Мишээлт нарыг илгээж байна.


Манай тамирчдын оролцох эхний тэмцээн Польшийн Фелик Стам хотод болох олимпын оноо олгох дэлхийн цом юм. Үүний дараа Германд олон улсын хамтарсан бэлтгэлд оролцож, улмаар Нидерландад олон улсын тэмцээнд өрсөлдөнө.


Харин тэдний өрсөлдөх сүүлийн тэмцээн нь Чехийн Усти Над Лабем хотод болох олимпын эрхийн оноо олгох дэлхийн чэлленж байх бөгөөд боксчид ирэх сарын 15-нд эх орондоо ирнэ.

Холбоотой мэдээ