АНУ, Катарын хамтын ажиллагааны тухай тунхаглалд гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-05-15 13:05:13

ДОХА, 2025 оны тавдугаар сарын 15 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ойрх Дорнодод хийж буй албан ёсны айлчлалынхаа хоёр дахь өдөр Катарын Засгийн газартай хамтын ажиллагааны тухай тунхаг бичиг болон хэд хэдэн гэрээнд гарын үсэг зуржээ.


Хамтарсан мэдэгдэл хийх үеэр Катарын эмир Тамим ибн Хамад Аль Тани хоёр талын хэлэлцээ үр дүнтэй, гүнзгий агуулгатай болсныг онцолж, талууд Ойрх Дорнодын бүс нутгийн байдал зэрэг олон асуудлыг хэлэлцсэн хэмээн мэдэгджээ. Тэрбээр Катар, Америкийн харилцаа цаашид улам гүнзгийрч, шинэ шатанд гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 


Харин Д.Трамп мэдэгдэхдээ, “маш сонирхолтой хоёр цаг өнгөрлөө”, талууд “Орос, Украин, Ираныг оруулаад дэлхийн бүх асуудлыг” хэлэлцсэн гэжээ. 


АНУ, Катарын талуудын гарын үсэг зурсан баримт бичгүүдийн дунд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах төлөвлөгөөний тухай гэрээ болон хоёр орны хамтын ажиллагааны тухай тунхаг бичиг багтсан байна.


Үүнээс гадна, Америкийн талын мэдээлснээр, “Qatar Airways” компани 160 нисэх онгоц худалдаж авах 200 тэрбум гаруй ам.долларын өртөг бүхий гэрээг "Boeing" компанитай байгуулжээ. 


Баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд мөн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет, Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховар Лютник, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Ливитт нар оролцсон байна. 

Холбоотой мэдээ