Б.Мөнгөнзул ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж, дэлхийн цомд өрсөлдөх эрх авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, Монголын тамирчин мөнгөн медаль хүртлээ.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн ФИДЕ дэд мастер Б.Мөнгөнзул есөн өргөөс долоо оноо авснаар мөнгөн медаль хүртэв. Сүүлийн өрөг дуусахад долоон оноотой дөрвөн шатарчин байсан бөгөөд коэффицентийн илүүгээр дэд байрын болзол хангасан юм.
Ингэснээр ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн анхны монгол шатарчин болов.
Түүний хувьд өмнө нь энэхүү тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр эмэгтэй олон улсын мастерын цолны болзол хангахаас гадна дэлхийн цомд өрсөлдөх эрх авлаа. Түүнчлэн эрэгтэй олон улсын мастерын нэг, эмэгтэй их мастерын нэг норм биелүүлэхийн зэрэгцээ олон улсын чансаагаа +42.8-аар нэмэв.
Үүнээс гадна ФИДЕ мастер С.Чингүүн Олон улсын мастер цолны норм биелүүллээ. Эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнтуул 18, кандитат мастер Х.Баясгалан 34, Ү.Үүрийнтуяа 36, З.Нарансолонго 50, Э.Эмүжин 54, их мастер Д.Номин-Эрдэнэ 56, ФИДЕ мастер Э.Энхрий 64, их мастер Т.Мөнхзул 69, кандитат мастер Б.Буянхишиг 81, Ч.Нандинжигүүр 92, З.Наранзаяа 98 дугаар байр эзлэв. Харин эрэгтэйчүүдээс олон улсын мастер Г.Амартүвшин 28, ФИДЕ мастер С.Чингүүн 72, Н.Содбилэгт 88, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ 104 дүгээр байрт шалгарчээ.
Энэ удаагийн ААШТ-ий хаалтын өрөг болон шагнал гардуулах ёслолд ЕТГ-ын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар оролцсон байна.
Ташрамд дурдахад, уг тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч ОХУ, Энэтхэг, БНХАУ, Узбекистан, Казахстан тэргүүтэй 34 орны 254 тамирчин өрсөлдсөнөөс 221 нь олон улсын цол, зэрэгтэй байв.