Японы судлаачид Вьетнамын зэрлэг сарьсан багваахайг судалж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ТОКИО, 2025 оны тавдугаар сарын 16 /NHK/. Токиогийн их сургуулийн судлаачдын баг шинэ цар тахал дэгдээх магадлалтай вирусийг олж илрүүлэхийн тулд Вьетнамын зэрлэг сарьсан багваахайнуудыг судалж эхэлжээ.
“COVID-19” цар тахлыг зэрлэг амьтнаас хүнд халдварласан вирусийн улмаас үүссэн гэж таамагладаг. Урьд өмнө нь илэрч байгаагүй вирус зэрлэг
амьтдаас хүнд халдварлаж болзошгүйг эрүүл мэндийн байгууллагын
мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн
юм.
Токиогийн их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгааны
баг Тайланд, Малайз зэрэг Зүүн Өмнөд
Азийн орнуудаас сорьц цуглуулахаар
төлөвлөж байна. Даваа гарагт судлаачид Вьетнамын хойд нутгийн Лаокай мужийн нэгэн агуйд коронавирус болон
бусад вирусийг тээдэг тодорхой
төрөл зүйлийн зэрлэг сарьсан
багваахайнуудыг судалж
эхэлжээ.
Энэхүү судалгааг
Японы Нагасакигийн их
сургууль, Вьетнамын Шинжлэх ухаан, технологийн академитай хамтран хийж байна. Улмаар сарьсан
багваахайнуудаас цуглуулсан сорьцыг
Вьетнам дахь лабораторид шинжилж, тэдгээрт ямар төрлийн эмгэг төрүүлэгч байгаа,
тэдгээрийн аль нэг нь хүнд халдварлах боломжтой эсэхийг тогтооно. Судлаачид цуглуулсан мэдээллийг мөн вакцин, эм гарган авахад ашиглаж болно гэдэгт найдаж байна.
Төслийн багийн ахлагч, профессор Сато Кей хэлэхдээ, зэрлэг амьтдаас урьд өмнө нь илэрч байгаагүй эрсдэл ихтэй вирусийг илрүүлж шинжлэх нь ирээдүйд дэгдэж болзошгүй цар тахалд бэлтгэхэд ихээхэн тус дөхөм болно гэдгийг онцоллоо.