Л.Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-05-16 17:39:08

БУЭНОС-АЙРЕС, 2025 оны тавдугаар сарын 16 /Reuters/. Лионель Месси ирэх сард болох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцох Аргентины шигшээ багийн 28 тоглогчийн бүрэлдэхүүнд багтжээ. Тэрбээр энэ оны гуравдугаар сард болсон Уругвай, Бразилын багуудтай хийх тоглолтыг бэртлийн улмаас өнжсөн юм. 


Чили, Колумбийн багуудтай ирэх сард тоглох Аргентины хөлбөмбөгчид гуравдугаар сард Уругвайг 1:0 харьцаагаар хожиж, Бразилыг 4:1-ээр буулган авснаар Л.Мессигийн эзгүйд 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ хэдийн авсан билээ.


Уругвай, Бразилын эсрэг маш онцгой хоёр тоглолтыг өнжсөн нь ичмээр явдал болсон. Би урьдын адил шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглохыг хүсэж байсан боловч эцсийн мөчид тийм ч ноцтой биш бэртлийн улмаас хэсэг хугацаанд амрах шаардлагатай болсон” гэж Л.Месси "Instagram" хуудсандаа бичжээ.


Л.Месси гуравдугаар сарын сүүлээр Интер Майами-д эргэн ирсэн бөгөөд түүнээс хойш багийнхаа төлөө нийт зургаан гоол оруулаад байна. Өдгөө 37 настай тэрбээр мөн Аргентин-Колумбийн тоглолтоос дөрөв хоногийн дараа буюу зургаадугаар сарын 14-нд Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ.


Аргентины шигшээ багийн дасгалжуулагч Лионел Скалони мөн хамгийн сүүлд 2021 онд Аргентины шигшээд тоглосон, Ноттинхем Форест багийн хагас хамгаалагч Николас Домингесийг багтаа дууджээ. Түүнчлэн өнгөрсөн жилээс хойш Аргентины шигшээ багт тоглоогүй хамгаалагч Валентин Барко, довтлогч Валентин Кастелланос нар ч мөн тоглогчдын жагсаалтад багтсан байна.

Холбоотой мэдээ