ХӨВСГӨЛ: Иргэд музейн үзмэрийг дижитал орчинд илүү их сонирхон үзэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-19 14:30:10

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төв музей олон улсын музейн өдрийг тохиолдуулан Чингүнжавын талбайд  иргэдэд үйл ажиллагаагаа танилцууллаа.


Энэ үеэр иргэд музейн үзмэрийг дижитал орчинд илүү их сонирхон үзэж байлаа.




Төв музей нь орчин үеийн технологийн виртуал орчин бүрдүүлэхээр зорин ажиллаж, зарим үзмэрийг бодит орчин буюу дижитал орчинд үзэх боломжийг өнгөрсөн онд бүрдүүлсэн.


Дижитал музей гэдэг нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар музейн үзмэр бүтээлүүдийг орчин үеийн шийдлээр хүүхэд, залуучуудад илүү ойроос бодитоор мэдрэх боломжийг олгож, соёлын өвийг сурталчлан дэлгэрүүлэх төхөөрөмжийг үзэгч үйлчлүүлэгчдэд таниулах зорилготой юм.


Тухайлбал, Дархадын хотгорын үзэсгэлэнт газрууд, Хөвсгөл нуур, бөө мөргөлийн шүтлэг, өндөр Гонгор, Дархад цагаан адуу, Арслан зааны соёо, Уушгийн өврийн хүрлийн үеийн цогцолбор дурсгал, цаа зэргийг дижитал орчинд үзэж байлаа.



Хөвсгөл аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулж, 1967 онд музей болон өргөжсөн байна.


Тус аймгийн Төв музей өнөөдөр сан хөмрөгтөө 4000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 4 танхимтай үйл ажиллагаагаа явуулж байна.


Тус музейн сан хөмрөг цуглуулгад мөстлөгийн үе буюу 10-20 мянган жилийн тэртээ устаж үгүй болсон аварга том арслан зааны соёо, араа шүд, шинэ чулуун зэвсгийн үед холбогдох зэр зэвсэг, хэрэглэл, хүрлийн үеийн гоёл чимэглэл, ахуйн зүйлс зэрэг үнэт үзмэрүүд байдаг юм.

 

 

Холбоотой мэдээ