БАЯНХОНГОР: Төгсөгчид 400 гаруй мод тарилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Номгон ахлах сургууль, Гэгээн сумади сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Номун далай цогцолбор сургуулийн төгсөх сурагчид, ангийн багш нартайгаа хамтран гурван нэр төрлийн (улиас, бургас, хайлаас) 400 гаруй мод тарилаа.
"Сум дундын ойн анги” ОНӨААТҮГ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Төгсөгчдийн төгөл” аяны хүрээнд сурагчид Сум дундын ойн ангийн их ургамлын талбайд мод тарьж байгаа юм.
Аяны хүрээнд төгсөгчид өөрийн нэрийн модтой болж дурсамж бүтээхийн сацуу аймгийнхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилготой мод тарих өдөрлөгийг тогтмолжуулж байгаа юм.
"Төгсөгчдийн төгөл" байгуулах аян энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд сурагчдад нээлттэй. Аянд нэгдсэнээр ЕБС-ийн төгсөлтийн баяр, бусад баяр ёслолоор мод тарьдаг хэвшил дадал бий болж, байгаль орчны чиглэлээр залуу боловсон хүчний дутагдлыг бууруулах, экологийн мэдлэг олгох олон давуу талтайг зохион байгуулагчид онцлов.