Нийслэлийн ногоон бүсэд эргүүл ажиллаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-20 15:24:44

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүлүүд ажиллаж эхэллээ.


Энэ ажлыг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнд НОБГ-аас долоо, НЦУГ-аас зургаа, НБОГ-аас зургаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас таван албан хаагч багтжээ. Дээрх албан хаагчид таван авто машинтайгаар өчигдрөөс Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлсэн байна.


Тодруулбал, Улсын онцгой комиссын 2025 оны Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай 01 дүгээр албан даалгавар, нийслэлийн Засаг даргын 2025 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж байгаа юм. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан.


Ногоон бүсийн хуурайшилт нь ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймээс нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зусландаа амьдарч байгаа айлууд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтрааж, хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөв.







Холбоотой мэдээ