Мөнгөн зээлийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-23 15:14:54

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооноос НЦУГ-тай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа барьцаалан зээлдүүлэх газруудад шалгалтыг эхлүүллээ.


Нэг жилийн хугацаанд үргэлжлэх уг аян Баянзүрх дүүргээс эхэлж байгаа аж. Шалгалтаар тус дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт “Баянцээл” худалдааны төв орчимд байрладаг 33 ломбардаас 19 нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх харъяа байгууллагад бүртгэлгүй, Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс баталсан хүүгийн дээд хэмжээ болох 4.5 хувиас илүү хүү тооцож иргэдийг хохироож байсан зэрэг зөрчил илэрчээ. Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон бөгөөд энэхүү шийдвэр нь өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэлсэн юм.


Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх хувь хүн болон албан байгууллага харьяа аймаг, дүүргийнхээ Засаг дарга болон Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх хуулийн үүрэгтэй. Мөн уг хуулиар алданги тооцохыг хориглосон бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд банк, санхүүгийн байгууллагатай адил зээлийн хүүгийн хувь хэмжээг 20 хувиар тооцох зохицуулалт хийжээ. Энэ нь хуулийг батлахаас өмнө хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцож байв. Мөн иргэн 4.5 хувиас хэтрүүлэн хүү төлсөн бол илүү дүнг үндсэн зээлийн төлбөрт тооцон суутгах, суутгасны дараах үлдсэн хэсгийг зээлдэгчид эргүүлэн олгохоор хуулиар зохицуулсан байна.


Энэхүү хамтарсан шалгалтаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс баталсан зээлийн хүүгээс илүү хүү тооцон зээл олгосон, нэмэлт төлбөр, шимтгэл хураамж авсан, хаяг байршлын өөрчлөлтийг харьяа байгууллагад бүртгүүлээгүй, бүртгэлгүй салбар нээн ажиллуулсан зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд илэрсэн бөгөөд зөрчилтэй этгээдүүдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийж байна.  



Холбоотой мэдээ