Монголын эрэгтэй, эмэгтэй багийн бүрэлдэхүүнийг зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-16 12:10:37

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод эхлэхэд долоо хоногийн хугацаа үлдлээ.


Эх орондоо, үзэгчдийнхээ өмнө тоглох шигшээ багийн бүрэлдэхүүнийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос албан ёсоор зарлав. 30 гаруй орны шилдгүүд өрсөлдөх энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн шигшээ багийг Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Э.Дөлгөөн, А.Ананд нар бүрдүүлэхээр болов. Өөрөөр хэлбэл, шигшээ баг үндсэн бүрэлдэхүүнээрээ ДАШТ-д оролцож байна гэсэн үг. Харин үлдсэн тоглогчид тамирчдын бэлтгэлийг хангалцахаас гадна “Их дуулга”-д өрсөлдөх аж.


Тэгвэл эмэгтэйчүүдийн шигшээ багт О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл нар багтав. Тэднийг өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтсан 10 тоглогчоос сонгосон юм. Манай баг “М банк арена” болон “Сэлбэ”, “Уран ган”-д бэлтгэлээ базааж байна. Монголын эрэгтэйчүүд тус тэмцээний хамгийн эхний тоглолтоо энэ сарын 23-нд хүчирхэг АНУ-ын багтай хийх бол эмэгтэйчүүд 24-нд эхлээд Бразилтай тоглох хуваарьтай байна.


ДАШТ-д өрсөлдөх Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тоглолтын хуваарийг дахин хүргэе.

Зургаадугаар сарын 23: Монгол-АНУ /эр, 18:25 цагт/

Зургаадугаар сарын 23: Латви-Монгол /эр, 20:15 цагт/

Зургаадугаар сарын 24: Бразил-Монгол /эм, 18:25 цагт/

Зургаадугаар сарын 24: Монгол-Испани/эм, 20:15 цагт/

Зургаадугаар сарын 25: Монтенегро-Монгол /эр, 18:00 цагт/

Зургаадугаар сарын 25: Монгол-Япон /эр, 20:15 цагт/

Зургаадугаар сарын 26: ХБНГУ-Монгол /эм, 18:00 цагт/

Зургаадугаар сарын 26: Монгол-Украйн /эм, 20:15 цагт/



 

Холбоотой мэдээ