Тавантолгойн нүүрсэнд нэг бодлого, нэг үнэ тогтоохыг Ерөнхий сайд үүрэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хугацаатай үүрэг даалгавар өгсөн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр мэдээлж байна.
Мэдээлэлд дурдсанаар, Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг компаниудыг ойлголцолд хүрч, "Монголын нүүрс" гэдэг нэг брэнд, нэг эрх ашгийн төлөө нэгдэж ажиллахыг шаардан, чадахгүй бол төр оролцохыг Ерөнхий сайд анхааруулжээ.
Тодруулбал Тавантолгойн нүүрсний ордын бассейнд "Эрдэнэс-Тавантолгой", "Энержи ресурс", орон нутгийн "Тавантолгой" гэж гурван компани олборлолт, экспорт хийдэг. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өмнөговь аймагт ажиллах үеэрээ эдгээр 3 компанийн удирдлагуудтай уулзан тус бүрийнх нь тайлбарыг сонссоны дараа тодорхой үүрэг өгчээ. Тэрбээр "Хэн олборлож байгаагаас үл хамаараад Тавантолгойн нүүрс бүхлээрээ Монголын ард түмний өмч. Ашгийг нь улсаараа, ард түмнээрээ хүртэх ёстой. Гэтэл олборлолт явуулж байгаа гурван компани хоорондоо үл ойлголцолтой, бие биеийнхээ үнийг унагаж хэдэн жил явлаа, Үр дүнд нь нүүрсний экспорт Монгол Улсад ашиггүй, нөгөө талдаа ашигтай явж байна.
Одоо энэ байдлаа цэгцэлж, хоорондоо хямд үнээр өрсөлдөх бус, нийлж "Монголын нүүрс" гэдэг нэг брэндээр, нэг эрх ашгаар гадаадынхантай өрсөлдөх ёстой. Үүний тулд дотооддоо нэг бодлого, нэг үнэтэй болох хэрэгтэй. Тэр саналыг чинь Засгийн газар төрийн шийдвэр болгож болно. Тодорхой хугацаанд багтаан ойлголцож, нэгдэж чадахгүй бол нүүрсний экспортын нэг цонхны бодлого, ялангуяа үнийн зохицуулалт дээр төр оролцож эхэлнэ шүү гэдгийг хатуу хэлье. Дахиад хэлье, төр, хувийн хэвшлийн хэн олборлож байгаагаас үл хамаараад Тавантолгойн нүүрс Монголын ард түмний баялаг. Үнэ нь зах зээлийнхээ зарчмаар, зохицуулалт нь баялгийн нийт эзний эрх ашигт нийцэж явах ёстой" гэжээ.
Н.Туяа