Сумдын дарга нар сонгогдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-08 17:33:04

   Саяхан болсон орон нутгийн ээлжит сонгуулиар Увс аймгийн 19 сумын 16-д нь МАН олонх болж, нэг суманд АН ялалт байгуулсан бол хоёр суманд суудлын тоонд нэг их хол зөрүү гараагүй юм.

Одоогоор зарим сумдын ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нараа сонгоод байна. Тухайлбал, Баруунтуруун сумын ИТХ-ын даргаар К.Баяраа, Засаг даргаар С.Лхагвасүрэн, Сагил сумын ИТХ-ын даргаар Х.Сайнбаяр, Засаг даргаар Д.Дэлгэрхишиг, Тэс сумын ИТХ-ын даргаар О.Нэргүй, Засаг даргаар Ж.Нямбуян, Улаангом сумын ИТХ-ын даргаар Н.Ганцог, Засаг даргаар Ц.Пүрэвжав, Тариалан сумын ИТХ-ын даргаар Н.Ариунзаяа, Засаг даргаар С.Төгсболд, Өндөрхангай сумын ИТХ-ын даргаар Н.Цэрэндорж, Засаг даргаар Ц.Сундуй,  Зүүнговь сумын ИТХ-ын даргаар Б.Өлзийтогтох, Засаг даргаар Д.Нэргүй, Өмнөговь сумын ИТХ-ын даргаар Ш.Цэрэнпил, Засаг даргаар Р.Төмөрчөдөр нар сонгогдоод байна.

Өнөөдөр Завхан, Малчин, Наранбулаг, Өлгий, Ховд зэрэг сумдын ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байгаа бөгөөд маргааш Бөхмөрөн сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан хуралдаж сумын удирдлагуудаа сонгох аж.

Сумдын Засаг дарга нарыг аймгийн Засаг дарга батламжлаагүй байгаа бөгөөд Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг нь шалгагдаад ирсний дараагаар батламжлах юм байна. Одоогоор Өмнөговь сумын Засаг дарга Р.Төмөрчөдөр ганцаараа улиран сонгогдсон тул аймгийн Засаг даргаас батламжаа гардаж аваад байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ