СЭЛЭНГЭ: Хүдэр сумын Өлөнтийн-Амд гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-31 14:03:41

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Өлөнтийн-Ам гэдэг газар энэ сарын 21-нд гарсан ой, хээрийн гал түймрийг өнөөдөр өглөөний 8:20 цагт бүрэн унтраасан байна.

 

Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 3, Ерөө суманд 2, Мандал суманд 2 буюу нийт 7 ойн гал түймрийг хяналтад авч цурамд оруулахаар ажиллаж байна.

 

Мөн Ерөө сумын  “Гурт уул” гэдэг газар гарсан ойн гал түймрийн голомтод ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр 14 алба хаагчийг тээвэрлэн хүргээд байна.

 

Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд тогтмол хамруулж, ОБЕГ, НОБГ, Үндэсний аврах бригад, 113 дугаар ангийн эмч, мэргэжилтнүүд газар дээр нь  эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байгаа юм.

 

Он гарсаар өнөөдрийн байдлаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 209 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57 хувиар өсжээ. 

Холбоотой мэдээ