Дроноор мал тоолоход малчдын амьдралыг хөнгөвчилж цаг хугацаа, зардал хэмнэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-08-06 16:37:38

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2024 оны эцэст 57.6 сая толгой мал тоолуулжээ. Мал тооллогыг дрон болон хиймэл оюун ашиглан илүү хялбар аргаар тоолох боломжтой эсэхийг “Hunu” стартапын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Билгүдэйгээс тодрууллаа.

 

-Хиймэл оюунд суурилсан мал тооллого нь ямар давуу талтай вэ. Малчдад хэрэглэхэд хялбар байх уу?

-Монгол Улсад мал тооллогыг гар аргаар буюу малаа хашиж, нэг бүрчлэн тоолох байдлаар явуулдаг. Их хэмжээний хүн хүч, хөдөлмөр шаарддаг учраас технологийн дэвшил буюу хиймэл оюун, дрон ашиглаж мал тоолох нь цаг хугацаа, зардлаа хэмнэх боломжтой. Хэрэглээгээр нь авч үзвэл, дроныг тал газарт, хашаагүй үед, хяналтын камерыг хашаалаад мал тоолох үед ашиглаж болно. Дрон үнэтэйгээс гадна ашиглах, суралцахад хугацаа шаардана. Харин хяналтын камер нь ашиглахад хялбар байхаас гадна малыг хашаанаас орох, гарахад нь тоолох юм. Бид туршилтын журмаар өөрсдийн хоршоонд хяналтын камер суурилуулахдаа малчдаас гадна томоохон фермүүд хүртэл хэрэглэх боломжтой гэж үзсэн.


-Уур амьсгалын өөрчлөлт нүүдлийн соёлд нөлөөлж байна уу. Малчдын амьдралыг хэрхэн технологийн тусламжтай хялбаршуулах боломжтой бол?

-Монгол Улсын агаарын дундаж температур 2024-2025 онд дэлхийн дунджаас 2.2 цельсийн градусаар нэмэгдсэн. Энэхүү өөрчлөлт нь тэсгим хүйтэн өвөл, аагим халуун зун, мөн цаг уурын гамшигт үзэгдлүүдийн давтамжийг эрс нэмэгдүүлж буй юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн 10 жил тутам давтагддаг байсан зуд сүүлийн жилүүдэд түгээмэл тохиолдож байна. Түүнчлэн нийт нутгийн 77 хувь нь цөлжилтөд өртсөн гэх тооцоо бий. Эдгээр сорилтын өмнө нүүдэлчдийн амьдралыг илүү аюулгүй, хялбар болгох нь бидний хамгийн том зорилго юм. Бид “Hunu” хэмээх малын байршил, цаг агаар, бэлчээрийн байдлаа харах, яаралтай үед тусламж авах боломжтой малчдад зориулсан аппликейшныг хөгжүүлж байна. Мөн интернэт сүлжээгүй тохиолдолд мэдээлэл өгөх мессеж үйлчилгээ, малын GPS технологийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.


-Хиймэл оюун, дрон ашиглахад хүндрэлтэй тал нь юу вэ. Түүнийгээ цаашид хэрхэн сайжруулахыг зорьж байна вэ?

-Хүчтэй салхитай болон хүйтэн үед дрон нисэхгүй байх, цэнэг нь хурдан дуусах зэрэг асуудал бий. Дрон ашиглан малаа бөөгнүүлэхэд үргэх тохиолдол ч гардаг. Гэхдээ бид технологио хөгжүүлэхдээ малчдын дуу хоолой, хэрэгцээг нэмж, малчидтай хамтран ажилласаар ирсэн. Зөвхөн мал тоолохоос гадна сүргийн дундаж жин, тухайн сүргээс гарах метан ялгаруулалтын хэмжээ, нас зэргийг тооцох боломжтой болгохоор хөгжүүлж байна.


-Зарим хүн уламжлалт сэтгэхүй гэж ярьдаг. Техник технологи ашиглах нь уламжлалт мал аж ахуйг мартууллаа гэсэн хүнтэй таарч байв уу?

-Технологи нь малчдын амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Нарны дэлгэц, батерей, гар утас, антенн, зурагт, хөргөгч, мотоцикл, машин, малын GPS гээд малчдын хэрэглэж буй бүгд технологи юм. Бид өөрсдөө хотод тухтай аж төрж байж, малчдыг тусгаарлан, технологи ашиглаж болохгүй гээд шүүмжилж болохгүй. Малчид технологи ашиглан, ажлаа хөнгөвчилж, урагшлах ёстой. Ингэхгүй бол нүүдлийн соёл маань бага багаар устаж байна шүү дээ. Мал аж ахуйд суурилдаг эдийн засагтай улс орнууд “precision agriculture” технологийг ашиглан үр бүтээмжээ нэмэгдүүлж байна. Бид “монгол уламжлал” гээд технологиос хойш сууж болохгүй.


Малчид уламжлалт аргаар аж төрөх гэхээсээ илүү цаг үеэ дагаад технологи ашиглах нь  тэдний амьдралыг илүү хялбар болгож байгаа тухай Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин, малын эмч Б.Бямбасүрэн ярьж байна. Түүнээс дараах асуултад хариулт авав.


-Та малын тоогоо хэрхэн гаргадаг вэ?

-Малын тоогоо намрын цагт нас, хүйсээр нь нэг бүрчлэн гараар тоолон ялган тэмдэглэдэг. Идшэнд хэрэглэх, зарж борлуулах зэргээр мөн ялгадаг.


-Хиймэл оюунд суурилсан систем, дроныг мал тооллогод ашиглах нь малчдын амьдралыг хөнгөвчилнө гэж үзэж байна уу?

-Техник технологи хөгжсөн энэ цагт дрон ашиглаж малаа тоолох нь хамгийн зөв, оновчтой арга гэж үзэж байна. Би багийнхаа малын эмч хийдэг тул мал тооллогод явахдаа утсаараа бичлэг хийгээд тоолж үзсэн. Дараа нь тоогоо нягтлахад амар байсан шүү.  Малын тоо ч зөв гарахад их тус болсон. Хэрэв дрон ашиглан тоолбол малчдын амьдралыг хөнгөвчлөхөөс гадна цаг зав, зардал их хэмнэнэ. Дан ганц тоо гэхээсээ илүү малаа хаана явж байгааг нь дроноор хардаг бол сайхан л даа.


-Техник технологийн дэвшлийг малчид амьдралдаа хэрэгжүүлэх, эсвэл уламжлалт аргаараа аж төрөх нь илүү чухал уу?

-Цаг үеэ дагаад уламжлалт аргаар аж төрөх гэхээсээ илүү технологи ашиглах нь  малчдын амьдралыг илүү хялбар болгож байна. Мэдээж өвөг дээдсээс өвлөсөн малч ухаанаа үр удамдаа дамжуулан, хэрэглэх ч гэсэн техник технологийг нэвтрүүлснээр малчдын амьдралд ихээхэн тус нэмэр болно гэж боддог.


-Уур амьсгалын өөрчлөлт таны амьдралд нөлөөлж байна уу?

-Уур амьсгал, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан зуд турхан, ган гачиг, өвс ногоо ургахгүй байх зэрэг үе бий. Гэхдээ сүүлийн үед ган, зудын давтамж их болсон. Гол нуур ширгээд малаа худгаас л усалж байна. Цамбагарав хайрханы мөнх цэвдэг багасаж, зундаа хэт халуун, өвөлдөө хэт хүйтэн болоод олон мал маллахад хүндрэлтэй болсон. 25 жилийн өмнөхтэй харьцуулахад өвс ногооны сор муудаж, бага ургахаар мал хүртэл сульдаад малчид суурин бараадаж байна. Миний ажигласнаар залуу малчдад шантрах үе анзаарагддаг. Энэ хэвээр үргэлжилбэл малчин багасах магадлалтай. Малчдад технологийн шийдэл хамгийн их тус болно.

Бэлтгэсэн: Т.Хулан

Холбоотой мэдээ