"Алтай ятга", "Аху их ятга" марканд мөнхөрлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР"Монгол шуудан" ХК, "Маркын газар"-аас санаачлан "Алтай ятга" сэдэвт шуудангийн маркийн анхны дугтуйны нээлтийг өнөөдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 11-ний 11.00 цагт Төв шууданд хийлээ.
Алтай ятга төслийн хүрээнд язгуур урлагийг түгээгч "Алтай" хамтлаг байгуулагдаж байсан бол өнөөдөр "Алтай ятга", "Аху их ятга" марканд мөнхөрч, Монгол Улсын шуудангийн маркын музейд залагдлаа.
Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, Алтай ятга судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв "Бүтээгдэхүүнээр марк гарганаа гэдэг хүссэн хүн бүхний бүтээдэг зүйл биш юм байна. Өндөр шалгуур дор энэ цагийн түүхэн хуудсыг эргүүлэгч онцгой үйл явдлын гэрч болсон бүтээлүүдэд зориулагддаг хариуцлагтай ажил юм. Энд хүрэлцэн ирсэн бүх зочиддоо талархаж байна. Миний сэтгэлийн чанадад хүндлэх ёстой эрхэм сайхан эрдэмтэд, хөгжми урлаачид, судлаачид, хөгжимчид бий. Бид бүгдийн хамтын зөв үйл ажиллагааны хүрээлэл дунд өлгийдүүлсэн Алтай ятга, Аху их ятга түүх болон үлдсэнд маш их баяртай байна" гэсэн юм.
Шинэ маркийн хүндэтгэл ёслолын арга хэмжээнд БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, "Монгол шуудан" ХК-ны гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбат, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нар хүрэлцэн ирсэн юм. Мөн нээлтийн ёслолд зориулж "Алтай" хамтлаг уран бүтээлээ толилуулсан юм. "Алтай ятга", "Аху их ятга"-ын маркийг уран бүтээлч Ц.Цэнгэл зурсан байна.
Н.Гантуяа