Сэлэнгэ аймгийн Засаг дарга хөтөлбөрийн төслөө аймгийн ИТХ-ын даргад өргөн барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг аймгийн ИТХ-ын даргад өнөөдөр өргөн барилаа.
Энэхүү хөтөлбөрийн төслийг Монгол Улсын “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Монгол Ардын нам, Ардчилсан нам, МАХН-ын мөрийн хөтөлбөр, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Сэлэнгэ аймгийн 2007-2021 оны хөгжлийн хөтөлбөр, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн санал, сумдын Засаг даргын Тамгын газар, харьяа газар, хэлтэс, албад болон Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгж, иргэдийн саналыг судлан “Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” гэсэн эрхэм зорилгын дор, “Тогтвортой эдийн засаг, орон нутгийн хөгжлийн бодлого”, “Хүн амын хөгжил-Нийгмийн бодлого”, “Иргэдийн оролцоо-Ил тод хариуцлагатай засаглалын бодлого” гэсэн гурван үндсэн бүлэг, 13 дэд бүлгийн 196 зорилт, 527 арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулжээ.
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын III хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хуралдахаар товлогдоод байгаа. Тус хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэх юм. Иймээс өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Ж.Сайнцог, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаад ийнхүү өргөн барилаа.
Ч.Отгонцэцэг