Хараа голын гүүр хүртэлх авто замын засварын ажил дуусч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-15 07:38:28

Дархан сумын нэг, хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гээс Хараа голын гүүр хүртэлх 1.4 км асфальт бетон авто замын шинэчлэлийн ажил өнгөрсөн сарын 14-нд эхэлсэн. Тус замын ажлын гүйцэтгэгчээр “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК ажиллаж хамгийн сүүлийн үеийн технологиор буюу хуучин асфальтан зам дээр нь давхар хучилтыг хийж стандартад нийцүүлэн шинэчилж байгаа учир чанарын хувьд өндөр, амархан эвдрэлд идэгдэхгүй гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэллээ.

2013 оноос өмнөх жилүүдэд уг замын засварын ажлыг нөхөөс хэлбэрээр олон удаа засварласан ч үр дүн муутай байсан учир сүүлийн жилүүдэд томоохон замын шинэчлэлийн ажлыг давхар хучилттайгаар хийж байгаа аж.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хотын гол замууд болох “Монгол алтны уулзвар”-аас Хараа голын гүүр хүртэлх авто замыг шинэчилж засварлахаар тусгасан. Энэхүү 1.4 км замын шинэчлэлийн ажил хийгдсэнээр 2013-2016 оны аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан авто замын ажлууд 100 хувь хийгдэж дуусна. Өмнө нь “Монгол алтны уулзвар”-аас Дархан сумын ЗДТГ хүртэлх 1.6 км авто зам, 2014 онд Дархан сумын ЗДТГ-аас “Төмөр замын гарам” хүртэлх 0.9 км авто зам, 2015 онд “Төмөр замын гарам”-аас Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэлх 0.98 км авто замын шинэчлэлүүд тус тус хийгджээ. Харин энэ жил Хараа голын гүүр хүртэлх авто замын шинэчлэл хийгдэж буйн гадна шинэ Дарханы гол авто замуудыг засварлажээ.

       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ