Ө.Ану, Б.Цолмонсүрэн нар мөнгөн цомын эзэд болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-16 15:35:22

Соробон сампингийн Олон улсын тэмцээнээс Дорнодын хүүхдүүд амжилт дүүрэн ирлээ.Тэмцээнд Дорнод аймгаа төлөөлөн оролцсон Ө.Ану, Б.Цолмонсүрэн нар мөнгөн цомын эзэд болж  аймаг орон нутгийнхаа нэрийг дэлхийд дуурсгав.

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо Чээж тоолол Соробан сампингийн Олон улсын 21 дэх удаагийн тэмцээн саяхан амжилттай зохиогдсон. Энэ удаагийн тэмцээнд 67 улс орны хүүхдүүд оюун ухаанаараа өрсөлдөж манай улсаас оролцсон багш, сурагчид 29 алт, мөнгөн цом хүртжээ.

Япон улсад анх хөгжиж 500 жилийн үүх түүхтэй энэ сампин нь тоог чээжээр бодох чадварыг хүүхдэд суулгахаас гадна хүний оюун ухааны хөгжилд ихээхэн ач тустай нь нэгэнт нотлогджээ. Манай улсад Соробан сампин харьцангуй хурдацтай хөгжиж салбар нь төв, хөдөөд олноор нээгдэж байгаа тухай Дорнод дахь төвийн захирал Ц.Оюунсүрэн ярьж байна.  

Тус аймагт  3 жилийн өмнө салбар нь байгуулагдаж, жил бүр 5-15 насны хүүхдүүдийг хамруулан сургаж байна. Зөвхөн хүүхэд ч биш тавиас дээш насныхан Соробан сампингаар хичээллэвэл ой ухаан муудахаас сэргийлдэг сайн талтай гэнэ.

Б.Туяа 

Холбоотой мэдээ