“Байгууллагын амжилтын гарц бол зөв харилцаанаас эхэлдэг” гэж онцлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН“Байгууллагын амжилтын гарц бол зөв харилцаанаас эхэлдэг” гэж доктор Н.Алтанцоож төрийн байгууллагын удирдлага болон хүний нөөцийн ажилтнуудад зориулсан сургалтын эхэнд хэлсэн юм.
Орхон аймгийн “Төрийн албаны зөвлөл” төрийн албан хаагчдад зориулж удирдах арга барилыг чадавхжуулах, хүний нөөцийн менежерийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр нэг өдрийн сургалт зохион байгууллаа.
Сургалтын үеэр доктор Н.Алтанцоож төрийн удирдах албан тушаалтнуудын гаргаж буй алдаа, дутагдлыг өөрийн хийсэн судалгааны үндсэн дээр мэдээллээ. Тухайлбал, төрийн болон төрийн бус ямар ч байгууллагын удирдлага зөв харилцаа, хандлагатай байж өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох чадвараа нэмэгдүүлэх нь байгууллагаа амжилттай удирдахад нь нөлөөлнө гэв.
Иймд удирдагч хүн харилцаа болон баг бүрдүүлэх, шийдвэр гаргах ур чадварт өөрийгөө чадавхжуулах хэрэгтэйг онцоллоо.
Уг сургалтад төрийн байгууллагын 50 гаруй албан хаагч, цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, хүний нөөцийн менежер оролцлоо.
Б.Оюун-Эрдэнэ