Луврын музейн ажилтнууд ажил хаяна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-12-15 18:23:51

ПАРИС, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /AFP/. Луврын музейн ажилтнууд нэмж ажилтан авах, хэт ачааллыг арилгахыг шаардан даваа гаргаас ажил хаяж эхлэхээр төлөвлөж байна. Энэ нь Парисын алдартай түүхэн дурсгалт газарт тулгамдаж буй асуудлуудыг улам хүндрүүллээ. 


Дэлхийн хамгийн алдартай музей нь ойролцоогоор 102 сая ам.долларын үнэ бүхий үнэт эдлэлүүдийг өдрийн цагаар хулгайд алдсанаас хойш хоёр сар орчмын хугацаа өнгөрч буй энэ үед ажил хаялтын улмаас хаагдах эсэх нь тодорхойгүй байна. 


“Энэхүү байгууламж хаагдах эсэхийг би хэлж чадахгүй. Хэрэв тэд музейг нээвэл зөвхөн хэсэгчлэн нээх болно, ингэхдээ “нээлттэй” гэж хэлэхийн тулд маш хязгаарлагдмал байдлаар л нээх болно” гэж зүүний үзэлт CGT үйлдвэрчний эвлэлийн гишүүн Кристиан Галани AFP агентлагт мэдээлжээ.


Түүний ярьснаар, Парис даяар зул сарын баярын бэлтгэлээ базааж байгаа үед болох ажил хаялтад музейн 2200 хүн оролцох ажээ. “Ердийнхөөс хамаагүй олон хүн ажил хаях болно. Ерөнхийдөө угтах үйлчилгээний болон аюулгүй байдлын ажилтнууд ажил хаяж байсан бол энэ удаад эрдэмтэд, судлаачид, цуглуулга хариуцсан менежерүүд, тэр ч байтугай эрхлэгч нар ажил хаяхаар төлөвлөж байгаагаа бидэнд хэлж байна” гэж К.Галани нэмж хэлжээ.


Угтах үйлчилгээний болон аюулгүй байдлын албадын зүгээс ажилтнуудын хомсдолд орж, олон тооны хүмүүсийн урсгалыг зохицуулах шаардлагатай болсон гэж гомдоллож байна. Леонардо да Винчигийн алдарт “Мона Лиза” бүтээлийг хадгалдаг тус музей жил бүр хүчин чадлаасаа хол давсан олон сая хүнийг хүлээн авдаг билээ.


Энэ оны зургаадугаар сарын 16-нд гэнэтийн ажил хаялтын улмаас музей түр хугацаагаар хаалгаа барихад хүрч байлаа. Лувр нь “жуулчдын хэт их төвлөрөл”-ийн бэлгэ тэмдэг болоод байгаа бөгөөд өдөр бүр 30 мянган үйлчлүүлэгч урт дараалал, стандартын бус бие засах газар, хоолны газрууд гэх мэт асуудлуудтай тулгардаг.


Харин судлаачид болон эрхлэгч нарын хувьд хааны ордон байсан байгууламж эвдэрч муудаж буйд улам бүр санаа зовних болжээ. Саяхан ус алдсаны улмаас эртний номууд сүйдсэн юм. Барилгын нөхцөл байдал тийм ч сайн биш байгааг Луврын музейн ерөнхий архитектор Франсуа Шатильон өнгөрсөн сард парламентын сонсголын үеэр хүлээн зөвшөөрчээ. 



Холбоотой мэдээ