Хальтиргаанаас болж гэмтэх нь ихэсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-21 12:58:18

Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай утсанд өнгөрсөн амралтын хоёр өдөр нийт 859 дуудлага ирснээс, зам тээврийн 730 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 14 хүн хүнд хөнгөн байдлаар гэмтэж, нэг хүний амь нас хохирсон байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч нэг, зам тээврийн осолд сургуулийн насны таван хүүхэд өртжээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг Найрамдлын зам, Цанын баазын баруун замд марк, улсын дугаар нь тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 47 настай эрэгтэй Л-ийг мөргөж амь насыг нь хохироон хэргийн газраас зугтсан байна. Мөн тус дүүргийн Ханын материалын зам, Өндөр настны автобусны буудлын замд" H.Sonata "маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч долоо настай Ц нарын гурван хүнийг мөргөж гэмтээжээ. Харин орон нутагт Дорноговь аймгийн Алтан ширээ сумаас баруун урагш 50 километрт шороон замд "Horth Benz "маркийн Н жолоочтой авто машин онхолдож жолооч 57 настай эрэгтэй Н газар дээрээ нас барсан байна.

Нийт нутгаар хүйтэрч, цас ихээр орж буй ийм үед зарим сүүдэртэй газрын замын цас мөс арилаагүй, хайлсан цас нь оройдоо мөстөж автомашин, явган зорчиг явахад хүндрэлтэй байна. Иймээс гарч болзошгүй ослоос сэргийлж Замын цагдаагийн албаныхан зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын тээврийн хэрэгслийг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцуулахгүй гэж анхаарууллаа..

Цас орж халтиргаа, гулгаа үүссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг замын цагдаа  зөвлөж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ